"Сарлаг үхрийн чанарыг сайжруулах" төслийг хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-20 10:46:30
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн санаачилгаар Архангай аймгийн сарлаг үхэртэй сумдад хэрэгжүүлэх "Эрүүл хүнс-Малчны хотноос" хөтөлбөрийн эхний үе шат болох "Сарлаг үхрийн чанарыг сайжруулах" төслийн хүрээнд Тариат, Хангай суманд Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Баянзүрх сумаас тус бүр 50 толгой сарлагийн гунж, бухыг хүлээлгэн өгчээ.
2022 онд тухайн төсөл үргэлжлэн хэрэгжих бөгөөд сарлаг үхрийн чанарыг сайжруулах ажлыг 5 жилийн хугацаатай Тариат суманд хэрэгжүүлж, сумын Хөдөө аж ахуйн тасаг төлөвлөгөөний дагуу үржил селекцийн ажлыг зохион байгуулах аж.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас томилогдсон ажлын баг, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч н.Цэрэнлхам болон аймгийн ХХААГ, МЭГ-ын дарга нар очсон ба МЭГ-аас мал тус бүрээс цусны шинжилгээ авч, үзлэг хийн хүлээлгэн өгсөн байна.
Тариат сумын тухайд нутаг бэлчээрийн боломжит газруудыг судлан Бөөрөлжүүт багийн малчин Х.Анх-Эрдэнэ, Б.Жамсранжав нарт хүлээлгэн өгчээ.
Мөн "Эрүүл хүнс-Малчны хотноос" хөтөлбөрийн хүрээнд 2021.11.20-12.20 хооронд Улаанбаатар хотод Архангай аймаг 4 цэгт махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсныг ХХААХҮЯ-ны ажлын багийнхан мэдээлсэн байна.
Холбоотой мэдээ