БНСУ руу богино хугацааны визтэй иргэд зорчихгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-18 07:34:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас цар тахлын нөхцөл байдалтай холбоотой БНХАУ, ОХУ, Япон улсын иргэний нисэхийн удирдах байгууллагаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээллээ. 


Тухайлбал, БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргавТухайн нислэгээр Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улсруу зорчих транзит зорчигчид зорчино. Мөн БНСУ-ын иргэд, F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд, тэдний хүүхэд, F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй, А-1, А-2 визтэй дипломат шугамаар зорчих иргэд үйлчлүүлэх боломжтой. 


БНХАУ гэхэд "Ковид-19"-ийн дотоодын халдварын тоог тэглэх бодлого баримталж байна. Ирэх оны 3 дугаар сарыг дуустал долоо хоногт олон улсын зорчигч тээврийн 408 нислэг үйлдэхийг зөвшөөрөх бөгөөд энэ нь зуны улиралд 644 нислэг байснаас багассаныг тус улсын Иргэний нисэхийн захиргаанаас мэдэгджээ. Одоогоор олон улсын хуваарьт нислэгийн тоо нь цар тахлын өмнөх үеийн нислэгийн 2.2 хувьтай тэнцэж байгаа. Тус улсын Иргэний нисэхийн захиргаанаас ирэх оны эхний хагас жил хүртэл хязгаарлалтыг сулруулахгүй байх магадлалтайг мэдэгджээ.


Түүнчлэн, ОХУ-ын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штабаас энэ сарын 16-нд мэдээлэхдээ 12 дугаар сарын нэгнээс Аргентин, Бразил, Бангладеш, Коста Рика, Монгол улстай нислэг эргэн сэргээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Москва хотоос Улаанбаатар хот руу долоо хоногт 3, Улаан-Үд, Красноярск, Эрхүүгийн чиглэлд долоо хоногт 1 удаа нислэг хийхийг зөвшөөрсөн билээ. 

 

Харин Япон улс энэ сарын 5-нд хилийн хяналт, шалгалтыг чангатгах хүрээнд цар тахлын шинэ мутац бүхий улсын жагсаалтад Монгол Улсыг оруулсан. Ингэснээр 11 дүгээр сарын 8-ны 00 цагаас Монгол Улсаас Япон Улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах болсон. Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч "сөрөг" хариу гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, 11 хоног гэр болон зочид буудалд тусгаарлагдана. Тусгаарлалтын хугацаа нийт 14 хоног. Тусгаарлах байрыг Япон Улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн, холбогдох зардлыг Засгийн газраас нь гаргах аж

Холбоотой мэдээ