БНХАУ энэ онд 231 сая тонн нүүрс импортлоод байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-11-17 17:19:04

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ 2015-2020 онуудад тогтмол өсөж байсан бол энэ онд нүүрсний импорт өмнөх оныхоос буурах төлөвтэй байна.

Тодруулбал, 2015 онд Хятад улс гадны улс орнуудаас 204 сая тонн нүүрс, 2020 онд 304 сая тонн нүүрс импортолж байсан бөгөөд 2015 -2020 онд нүүрсний импорт тогтмол өсөлттэй байсан юм. Харин энэ онд тус улс одоогийн байдлаар 231 сая тонн нүүрс импортолсон статистик үзүүлэлттэй явж байна.

Энэ оны 9-р сарын 30-ны өдрийн байдлаар БНХАУ-ын нүүрсний импортыг улсаар нь авч үзвэл Индонез улс хамгийн өндөр буюу 143 сая тонн, ОХУ 43 сая тонн, Монгол Улс 13 сая тонн, бусад улс орон 32 сая тонн нүүрсийг тус тус нийлүүлжээ.

Импортолсон нүүрсний 15 хувь нь коксжих нүүрс байгаа бол, 85 хувь нь бусад төрлийн нүүрс байгаа юм.

Үүнээс эрчим хүчний нүүрсний импортыг улсаар нь авч үзвэл Индонези 142 сая тонн, ОХУ 28 сая тонн, Монгол Улс 2 сая тонн, бусад улс орон 17 сая тонныг тус тус нийлүүлжээ.

Харин коксжих нүүрсний импортыг улсаар нь авч үзвэл, Монгол Улс 11 сая тонн, ОХУ 8 сая тонн, удаах байруудад АНУ, Канад, Индонези зэрэг улс орсон байна.

 

Холбоотой мэдээ