Монгол ноолуурын чанарыг бэлтгэл үеэс эхлэн сайжруулах хэрэгтэй байгааг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-15 16:52:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Монгол ноолуурын ширхэг бүдүүрч 1950-иад онд 15.3 микрометр /мкм/-ээс 16.6-16.8 мкм-т хүрчээ. Энэ нь ноолуур бэлтгэлийн чанар алдагдаж буйтай холбоотойг Монголын Ноос, ноолуурын холбоонд болсон уулзалт хэлэлцүүлгээр хөндлөө.


Хэлэлцүүлгийн үеэр “Ноолууран түүхий эдийн урамшууллын тогтолцооны өнөөгийн байдал, түүний боломжит хувилбар” судалгааны ажлыг танилцууллаа. Судалгаагаар ХАА-н түүхий эд, бараа бүтээгдэхүүний биржийн хууль манай улсад гарч хэрэгжиж буй ч малчдын хоршоонд эвлэлдэн нэгдэх үйл явц бодитоор хэрэгжиж чадаагүй, арилжааг бүртгэл болгосонтой холбож байна. Тодруулбал, малчдын түүхий эд, тэр дундаа ноолуур нийлүүлж тушаах нөхцөл байдал шимтгэл, бүртгэлийг түрүүнд тавих болж, арилжаанд бодит үйлдвэрлэл эрхэлдэггүй ААН-ийг оруулж байгаагаас түүхий эд бэлтгэлийн  чанарын баталгаа алдагдан орхигдож байна.


Мөн сүүлийн жилүүдэд нэг ямаанаас авах ноолуурын хэмжээг (жинг) нэмэгдүүлж малчдын ашиг орлогыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үржил, селекцийн бодлого, шийдвэр нь монгол ноолуурын чанарыг дордуулж олон улсын ангиллаар бүдүүн ноолуурын ангилал руу ороход нөлөөлж сөрөг үр дүнд хүрч ирснийг Монголын Ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу тодотгож байв.


Мөн тэрээр, “УИХ, ЗГ-аас сүүлийн 30-аад жилд малын гаралтай түүхий эдийн чанарын бууралтыг зогсоох, малчдыг зах зээлийн тогтолцоонд шилжүүлж чанартай бол үнэтэй зах зээлийн суурь зарчмыг мөрдлөг болгох, түүхий эдийн маркетингийн эмх замбараагүй олон урсгалыг цэгцлэх зорилгоор Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн хуулийг 2011 онд баталсан. Түүний амьдралд хэрэгжээгүй үндсэн шалтгаан нь бирж ажиллах үндсэн суурь болох малчдын хоршоог буй болгож бэхжүүлэх, малчдыг хоршоонд эвлэлдэн нэгдэх үйл ажиллагаа хэрэгжүүлж чадаагүй, шимтгэлийн хэмжээ үндэслэлгүй, чанарын баталгаажуулалтын асуудлыг орхигдуулсан буюу арилжаанд бодит үйлдвэрлэл эрхэлдэггүй ААН-ийг оруулдагтай холбоотой. Мөн малын тоо толгой чухал биш гол нь малаас гарч буй түүхий эдийн чанар чухал. Жишээ нь, чанаргүй их хэмжээний түүхий эдээс бага орлого олно, харин чанартай бага хэмжээний түүхий эдээс их орлого олох боломжтой” гэсэн юм.




ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилт, зохицуулалтын газрын Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр хэлэхдээ, “Монгол Улс дэлхийн ноолуурын түүхий эдийн 45 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг. Гэвч бэлэн бүтээгдэхүүний 0.2 хувь буюу маш бага хувийг бэлддэг. Тиймээс бид нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн өмнө бэлтгэлийн чанарт анхаарах цаг болсон. Монгол ноолуурыг малчдын гараас бэлтгээд тогтвортой үйлдвэрлэлээр дамжин чанарын шаардлага хангаад хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа гэдгийг батлах хэрэгтэй. Үүний тулд хийж хэрэгжүүлэх ажил их байна” гэдгийг онцоллоо.




МННХ-ны Баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан, “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тогтвортой ноолуурын платформ болон МННХ хамтран ноос ноолуурын салбарын түүхий эд бэлтгэлийн тогтолцоо, урамшууллын талаар судалгаа хийсэн. Үүнээс харахад манай улсын ноолуурын түүхий эд бэлтгэлийн тогтолцоо үнэхээр алдагдсан байна. Бид 1990-ээд оноос өмнөх болон хойших үеийн судалгааг хийсэн. Энэхүү судалгааны үр дүн ямар байна вэ гэхлээр бид чанар урамшуулал гэж ярихаасаа өмнө түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулъя. Ялангуяа үүнийг төрийн бодлогын хэмжээнд аваачих хэрэгтэй байна. Бидний гол алдаа бол дундын зуучлан борлуулагчдыг малчны хотонд шууд хүрэх боломж бүрдүүлсэн нь малчдыг ноолуурын чанарт бус хэмжээнд анхаардаг болгосон байна. Энэ нь сүрэгт харьцангуй бүдүүн ноолууртай нас бие гүйцсэн болон эр ямааны тоо толгойг олшруулсны сөрөг үр дүн. Тодруулбал, 1950-аад онд 15.5-15.8 микро метрийн дундаж ширхэгтэй байсан монгол ноолуур 1990-ээд онд 15.8-16.0 мкм болсон бол, одоо 16.6-16.8 мкм-т хүрч олон улсын ангиллаар бүдүүн ноолуурын ангилалд ордог болсон.


1990-ээд оноос өмнө малчид I зэргийн ноолуурыг II зэргээс нь хоёр дахин, III зэргээс нь дөрөв дахин өндөр үнээр үйлдвэр, Төв түүхий эдийн баазад нийлүүлдэг байсан үнийг чанартай холбосон тогтолцоог устгаад оронд нь чанарын урамшуулалгүй болгосон нь монгол ноолуур бүдүүрч, өрсөлдөх чадвар нь буурахад шууд нөлөөлсөн.


Энэ чигээрээ цаашид үргэлжилбэл хэдхэн жилийн дараа ноолуурын ширхгийн дундаж 18.0 мкм-т хүрч монгол ноолуур дэлхийн зах зээл дээр үнэгүйдэх эрсдэлтэй” гэлээ.


Мөн тэрээр “ХАА бирж маань ерөнхийдөө ёс төдий болсон. Жишээ нь, би нэг компани байлаа гэж бодоход өөрөө түүхий эдээ очиж бэлдээд өөрийнхөө худалдаж авсан түүхий эд дээр арилжаа хийлгэсэн гэдэг бичиг авахын тулд багагүй шимтгэл төлж байна. Энэ шийдвэр бол цэвэр улстөржсөн буюу хөрсөн дээр буухгүй шийдвэр гаргаж байгаа нь удирдлагууд болон хууль эрх зүйн орчинд алдаа байна. Тэгэхлээр бодит байдал дээр буюу гадны туршлагаас харахад бирж арилжаа зохион байгуулаад, чанарын бүх үзүүлэлтээр ангилан ялгаад дараа нь гарах бүх үүрэг хариуцлагаа өөрөө үүрч байгаа нөхцөлд тодорхой хэмжээний шимтгэлээ авах нь зүй ёсны хэрэг юм” хэмээж байв.




Мөн дундын зуучлан борлуулагчид 1994 оны сүүлээс эхлэн малчдаас бохир ноолуурыг (чанар харгалзахгүй) худалдаж авах болсон нь ноолуурын үнийг 1992 оныхоос 18.9 дахин, 1993 оныхоос 6.2 дахин нэмэгдүүлсэн байна. Жил дараалан бохир ноолуурын үнийг ийнхүү өсгөсөөр өмнөх оны байдлаар, ноолуур 1 кг нь дунджаар 108 мянган төгрөг болж ямааны тоо толгойг 29.2 сая хүргээд байна. Малчдын ямааны ноолуурааас олох орлого өнгөрсөн оны байдлаар 1188 тэрбум төгрөгт хүрч, 1995 оныхоос 38.9 дахин нэмэгдсэн.


Ченжүүдийн хэрэгжүүлсэн үнийн өсөлт нь малчдын амжиргаанд бодитоор нөлөөлсөн гэж дүгнэж болох ч түүхий эдийн чанарын доройтол нь ноолуурын эрэлтэд сөргөөр нөлөөлж, орлогогүй болох эрсдэлтэйг онцолсон юм.


Судалгаанаас үзэхэд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Монголын ямаан сүргийн тоо толгойн эрчимтэй өсөлт нь малчдын ашиг орлогыг нэмэгдүүлсэн боловч бэлчээрийн 76 гаруй хувь ядуурч, 20 гаруй хувь цөлжихөд шууд болон шууд бусаар нөлөөлжээ.


Цаашид тус судалгаанаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн дагуу түүхий эд бэлтгэлийн тогтолцоог оновчтой болгох, ноолууран түүхий эдийн чанартай уялдсан урамшууллын тогтолцоог бий болгох зэрэг асуудалд бодлогын зөвлөмж гарган Засгийн газарт хүргүүлж ажлын багг байгуулан ажиллах шаардлагатайг онцоллоо.


Мөн судлаачид, Монголд жилд бэлтгэж буй нийт ноолуурын дөнгөж 45 орчим хувь нь БНХАУ-ынхтай адилхан нарийнтай байна гэсэн судалгааны дүгнэлтийг танилцуулж монгол ноолуурын чанар дэлхийн зах зээл дээр БНХАУ-ынхаас кг тутамдаа 15-20 ам.доллароор доогуур үнэлэгдэх болсон гэв. Yүнд ноолуурыг цэвэрхэн, сэрмэн хайчилж, самнаж бэлтгэх технологийг мөрдөхөө больж, чанарын үндсэн үзүүлэлт болсон ширхгийн нарийнийг анхаарахаа больсон нь шууд нөлөөлсөн гэж үзэж байгаа талаар дурдсан юм.


Тус хуралд ХХААХҮЯ, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд, НҮБХХ-ийн Тогтвортой ноолуурын платформ, НҮБХХ-ийн “Ensure” төсөл болон “Ногоон уур амьсгалын сан” зэрэг төслийнхөн оролцож судалгаатай танилцаж санал, зөвлөмж өгсөн юм.

Холбоотой мэдээ