“Шилдэг мөрдөгч-2021” тэмцээн эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Шилдэг мөрдөгч-2021” тэмцээний нээлт өчигдөр Мөрдөн байцаах албаны Хурлын танхимд боллоо.
Тус тэмцээн нь ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах хэлтэс, тасаг, хэсэгт ажиллаж байгаа мөрдөгчийн албандаа хандах эерэг хандлагыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоох зорилгоор цахимаар зохион байгуулж байна.
Дээрх тэмцээнийг 1993 онд “Мэргэжлийн мөрдөн
байцаагч” шалгаруулах тэмцээн нэртэйгээр Улсын мөрдөн байцаах газрын даргаар
ажиллаж байсан Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Алтангэрэл
санаачлан өдгөө 28 дахь жилдээ зохион байгуулж байна.
“Шилдэг мөрдөгч-2021” тэмцээнд мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагуудын 53 алба хаагч оролцож байгаа бөгөөд “КОВИД-19” цар тахалтай холбогдуулан анх удаа цахим хэлбэрээр болж буйгаараа онцлогтой юм.