2200 гаруй хүүхдийг томуугийн вакцинд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-11-11 10:41:58

Дорнод /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинцжуулалтад 2200 гаруй хүүхдийг нэмэлтээр хамруулахаар ажиллаж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Энэхүү нэмэлт вакцинжуулалтад шаардлагатай төсөв хөрөнгийг ОНХС-гаас шийдвэрлэсэн байна. Өнгөрсөн сард Дорнод аймгийн хэмжээнд 2-11 насны 920 хүүхдийг томуугийн вакцинд хамруулаад байсан юм. 

Ташрамд дуулгахад, коронавируст халдварын эсрэг гуравдугаар тунгийн хамрагдалт Дорнод аймгийн хэмжээнд 16 хувьтай үргэлжилж байна. Харин эхний тунд хамрагдах ёстой иргэдийн 90 хувь, хоёр дахь тунд хамрагдах ёстой иргэдийн 86 хувь нь вакцинаа хийлгэжээ. Өнөөдрөөс ковидын эсрэг байнгын вакцинжуулалтын цэг Нийгмийн эрүүл мэндийн төвд ажиллаж эхэлснээс гадна албан байгууллага, ААН-үүдэд явуулын цэг очиж үйлчлэхээр зохицуулалт хийсэн байна.

Вакцинд хамрагдсан 34500 хүний дунд судалгаа хийхэд, 70 хувь нь халдвараас, 92 хувь нь нас баралт, хүндрэлээс сэргийлсэн учир ард иргэдийг сэргээх тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Өнөөдрийн байдлаар Дорнод аймаг вероселл вакцины 8000 хүн тун, файзер вакцины 15 мянган хүн тунгийн нөөцтэй байна.

Холбоотой мэдээ