Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог 68 хувьд хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53 хувьтай байна. Тэгвэл эрэгтэйчүүдийнх 68 хувь байна. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлснээр ДНБ 16 хувиар өсөх боломжтой гэсэн тооцоог АХБ-наас гаргажээ. "COVID-19-ийн нөхцөл байдал хүйсийн тэнцвэртэй хөдөлмөр эрхлэлтэд хүндээр нөлөөлсөн"-ийг АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцолж байв.
Монгол Улсын урт
хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ажиллах хүчний оролцооны түвшинг 2030 онд 65
хувь, 2050 онд 70 хувь болгон нэмэгдүүлэх зорилт дэвшүүлээд байгаа юм. Энэ
зорилтыг хангахын тулд жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх хэрэгтэй
байгааг “Жендэр ба хөгжил” Үндэсний чуулганы үеэр судлаач мэргэжилтнүүд
тайлбарлаж байна.
Жендэрийн Үндэсний хорооноос зохион байгуулсан “Жендэр ба хөгжил” Үндэсний чуулганаас Жендэрийн тэгш байдлыг хангах зөвлөмжийг боловсруулаад байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, төлөвлөлт, төслийн ололт амжилтыг хэлэлцэн сургамжийг тодорхойлсон Үндэсний чуулганаас гаргасан зөвлөмжийг улс даяар хэрэгжүүлж үндэсний хэмжээнд мөрдөх юм.
Ажиллах хүчний оролцооны ерөнхий
статистикаас авч үзэхэд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний түвшин 10 хувиар буурчээ.
Энэ нь эмэгтэйчүүд бусдаас хамааралгүй, өөрийн гэсэн орлоготой амьдрахад хойш
татаж байна. Тэдэнд тулгарч буй гол зүйл хүүхэд харах хүртээмжийг нэмэгдүүлж
байж эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмжинэ гэдэгтэй оролцогчид
санал нэг байв. Эмэгтэйчүүд гэрээсээ болон зайнаас ажиллаж болох, эцгүүд хүсвэл
хүүхдээ харах, үүнд нь чөлөө олгох зэргээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх
боломжийг хангаж дээшлүүлэх зохицуулалт бүхий Хөдөлмөрийн тухай хууль
шинэчилсэн байдлаар ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Өнөөдрийн байдлаар манай улсад дээд боловсрол эзэмшигчдийн дунд эмэгтэйчүүд давамгайлж буй боловч эсрэгээр хөдөлмөрийн зах зээл дэх тэдний оролцоо, цалин хөлс бага, үнэлэмж доогуур үзүүлэлттэй байна. Цар тахлаас шалтгаалж энэ үзүүлэлт улам нэмэгдсээр байгааг судлаачид Үндэсний чуулган дээр хөндөж байв.
Хүйсийн хувьд хамгийн их цалингийн зөрүүтэй салбар нь санхүү, даатгалын салбар байгааг ХНХЯ-наас танилцуулсан юм. Тодруулбал: эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 488 мянган төгрөгөөр илүү цалин авч байна. Харин нийт салбарыг дундажлан харвал эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 227.1 мянган төгрөгөөр бага байна.
Түүнчлэн ХЭҮК-оос хийсэн
судалгаагаар төрийн албанд ажиллаж буй 5 эмэгтэй тутмын 1 нь бэлгийн дарамтад
өртдөг хэмээн гарсныг Үндэсний чуулганы үеэр мэдээлж байв. Энэ төрлийн хэргийн
хохирогч хаана хандах нь тодорхой бус байсныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар
болоод байна. Ингэхдээ компанийн удирдлага, хүний нөөц, эсвэл байгууллагын
итгэмжлэгдсэн мэргэжилтэн бэлгийн дарамтад өртсөн сэжиг, гомдлыг барагдуулах
үүрэгтэй байхаар тусган зохицуулжээ.
Холбоотой мэдээ

