“Газар дээрх тамын орон” буюу афганчууд аймшигт өлсгөлөнгийн ирмэгт

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-11-10 09:25:43

Энэ өвөл Афганистанд нүүрлэж болзошгүй аймшигт өлсгөлөнг зогсоохын тулд нэн яаралтай арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөрийн захирал уриаллаа.


“Нөхцөл байдал төсөөлөхийн аргагүй хүнд болжээ. Бодит байдал дээр хамгийн аймшигтай хүмүүнлэгийн хямрал нүүрлэж магадгүй болоод байна” гэж тус хөтөлбөрийн удирдагч Дэвид Бизли Афганистанд ажиллаж буй "ВВС" агентлагийн сурвалжлагч Жон Симпсонд ярилцлага өгөх үеэрээ хэллээ.


Талибан хөдөлгөөнийхөн засгийн эрхийг авсны дараа гадаадын тусламж зогссоны улмаас Афганистаны эдийн засаг сүйрлийн ирмэгт ирээд байна. Үүн дээр нэрмээс болж коронавирусний цар тахал газар авч, тариалангийн талбайн ихэнхийг маш хүчтэй ган гачиг нэрвэжээ. Сүүлийн 4 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа ийм аймшигт ган болж байгаа юм.


“Тус улсын хүн амын 95 хувь нь хоол хүнсний дутагдалд ороод байгаа бөгөөд 23 сая хүн ноцтой өлсгөлөнд нэрвэгдэх аюул тулгарсан” гэдгийг НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн захирал өнгөрсөн амралтын өдрүүдэд Кабулд очсоныхоо дараа мэдэгдсэн байна. 


Ойрын 6 сарын хугацаанд сүйрлийн аюул нөмрөхөөр байна. Энэ тохиолдолд Афганистан орон газар дээрх тамын орон болж хувирна” гэж Бизли анхаарууллаа.


Өдөр ирэх тутам Афганистанд цаг агаар хүйтэрсээр. Хөдөөгийн оршин суугчид НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн хүрээнд олгож буй гурилыг олж авахын тулд уртаас урт дараалал үүсгэн зогсож байна. Энэхүү хүмүүнлэгийн тусламж бол олон сая афганчуудын хувьд өвлийг давах цорын ганц баталгаа боловч бүх хүнд мэдээж хүрэлцэхгүй. Тэгэхээр НҮБ-ын өмнө тун ярвигтай асуудал тулгарчээ. Өлсгөлөнгийн ирмэгт тулж ирсэн тоо томшгүй олон афганчуудад туслахын тулд хүнсний нийлүүлэлтийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хүмүүнлэгийн тусламжинд оочерлогсдыг зохицуулж буй Талибаны цэрэг 


Иймээс НҮБ-ын хөтөлбөрийн захирал Д.Бизли дэлхийн удирдагчид, дээд зиндааныхан, баячуудад хандан яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна.


“Дэлхийн улс орнуудын удирдагчид ба тэрбумтнууд та бүхэнд хандаж байна. Таны хүү, охин, ач зээ нарт өлсгөлөнгийн улмаас үхэх аюул тулгараад байна гээд төсөөлөн бодоорой. Энэ үед та бүхэн чадах бүхнээ хийх ёстой болно. Дэлхий дахины баялгийн хэмжээ 400 их наяд ам.долларт хүрээд байгаа үед өлсгөлөнд нэрвэгдэнэ гэдэг бол бид бүхний хувьд ичгүүр гутамшиг мөн. Хэрвээ хаа нэгтээ, хэн нэгэн хүүхэд өлсгөлөнгийн улмаас амиа алдаж байгаа бол энэ нь бидний хувьд үнэхээр гутамшигтай хэрэг болно” гэж НҮБ-ын төлөөлөгч мэдэгдсэн байна.


НҮБ-ын хийсэн тооцоогоор, хоол хүнсний дутагдалд орсон Афганистаны 23 сая иргэнийг тодорхой хэмжээнд хүнсээр хангахын тулд сард 220 сая ам.доллар шаардлагатай байгаа ажээ.


Аймшиг хаяанд иржээ 


ВВС-гийн сурвалжлагч Жон Симпсон Афганистанд болж буй үйл явдлын талаар Radio 4  радиостанцын шууд эфирээр ярихдаа нулимсаа барьж дийлэхгүй байлаа.


Өдгөө 77 настай энэ хүн сэтгүүлчээр ажиллах хугацаандаа зэвсэгт мөргөлдөөн болж байсан олон газарт очиж байжээ. Тэрбээр 20 жилийн өмнө талибуудын устгасан Буддагийн хөшөө байсан газарт саяхан очоод ирсэн тухайгаа ярьсан юм. Тэнд очоод агуйд амьдардаг Фатима гэдэг эмэгтэйтэй уулзаж ярилцжээ. Нөхөр нь ходоодны хорт хавдраар нас барсан тул бэлэвсэн эмэгтэй 3-16 насны хүүхдүүдээ ганцаараа өсгөж байна. Талибууд ирэхээс өмнө Фатима нутгийн нэгэн фермерийн тариалангийн газрын зэрлэг өвсийг түүж өгч мөнгө олдог байжээ. Гэвч ган болсон тул одоо ажилгүй. “Түүнд ямар ч мөнгө алга. Гал асаах бензин түлш, гурил өгөхийг тэрбээр хүмүүсээс гуйна. Өмнөх засгийн үед түүнд гурилыг нь авчраад өгдөг байжээ. Энэ хүүхдүүдийг харахад үнэхээрийн өрөвдөлтэй, хэцүү” гэж ярих үедээ Симпсон сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй уйлсныхаа дараа сонсогчдоос уучлал гуйв.

Сэтгүүлч Жон Симпсон


“Би олон газраар явж, олон аймшигтай зүйлийг үзэж харсан, гэхдээ энд бол арай л.....Хамгийн хүнд үе эхлээгүй байна, гэхдээ тун удахгүй тохионо. Энэ хүмүүс өөрсдөө ч үүнийг мэдэж байгаа”.


Яагаад өлсгөлөн нүүрлэв?


Исламын “Талибан” хөдөлгөөнийхөн гадаадын цэргүүд гарч явсны дараа 8 дугаар сард Афганистаны Засгийн эрхийг авсан билээ.

Засаг төр солигдсоноор гадаадын тусламжаас маш их хамаардаг, тэртэй тэргүй хэврэгхэн байсан Афганистаны эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэв.


Барууны орнууд тусламж үзүүлэхээ гэнэт больж, Дэлхийн банк, Олон улсын валютын сан санхүүжүүлэлтээ зогсоолоо. Хэзээ сэргээх вэ гэдэг нь тун тодорхойгүй байгаагийн учир гэвэл, талибуудын Засгийн газрыг дэлхий дээр ямар ч улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.  


Хэрвээ аливаа улс орны ДНБ-ний 10 ба түүнээс хувь нь гадаадын тусламжаас бүрддэг бол “гадны тусламжаас хамааралтай улс” гэж үздэг, гэтэл Афганистаны хувьд энэ тоо 40 хувьд хэдийнэ хүрснийг Дэлхийн банкны мэдээлэлд дурдсан байна.


Олон олон афганчууд хоол хүнс олж авахын тулд хөрөнгө хогшлоо зарж байна. Талибаны Засгийн газар гадаадын банкуудад байгаа Афганистаны мөнгийг авах боломжгүй болсон учраас төрийн албан хаагчдын цалинг олгохгүй байгаа нь тодорхой.


9 дүгээр сард Женевт болсон бага хурлын үеэр дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Афганистанд дэмжлэг болгож 1 тэрбум гаруй ам.доллар гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ мөнгөний 1/3 орчмыг Дэлхийн хүнсний хөтөлбөрт олгохоор амлажээ.


Харин тус байгууллагын мэдэгдсэнээр бол, Афганистанд сард 220 сая ам.доллар шаардлагатай байгаа учраас дээрх амлалт нь “далайд дусал” төдий нэмэртэй ажээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: ВВС 

Холбоотой мэдээ