ЕБС-ийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-09 16:59:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-аас ЕБС-ийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хөтөлбөрийг өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж байна.


Энэ хүрээнд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдад аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг харьяа сургуулийн захиргаа, эцэг эхчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.


Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 50 гаруй ЕБС хамрагдаад байгаа аж. Сурагчдад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс шаардлагатай утасны дугаар, дохио, биеийн хэлэмжүүд, үе тэнгийн найз нөхдөө дээрэлхэх, гадуурхахаас сэргийлэх, хулгайд эд зүйлээ алдахаас сэрэмжлэх зэрэг хүүхдэд хэрэгцээт ойлголт, мэдлэгийг нас, сэтгэхүйд нь тохирсон хэлбэрээр хүргэж байгаа гэдгийг албаныхан онцолж байв.




Энэ талаар ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Баярбаясгалан хэлэхдээ, “Хүүхдэд бага наснаас нь аливаа учирч болох эрсдэл, буруу үйлдэл, бусаддаа туслах давуу тал зэрэг мэдээлэл ойлголтыг өгөх нь урьдчилан сэргийлэх гол ажил хэмээн үздэг. Тиймээс ЦЕГ-ын даргын санаачилгаар ЕБС-ийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг нас сэтгэхүйд нь тохирсон, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ ажлыг сургуулийн захиргаа, эцэг эхчүүд маш талархалтай хүлээн авч, бидний ажлыг дэмжиж байгаад баяртай байна. ЦЕГ-аас хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдээ (хүүхдийн байцаагч) тогтмол сургах, чадавхжуулах, харьяа дүүрэг, хорооныхоо сургууль, хүүхдийн байгууллагатай хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудад заавар, чиглэл өгч ажиллаж байна” гэлээ.


Хан-Уул дүүргийн Сакура сургуулийн багш, нийгмийн ажилтан Д.Цэрэнчимэг, “НЦУГ, ХУД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс манай сургуулийн бага ангийн 220 сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг зохион байгууллаа. Нэлээд хэдэн судалгааг сурагчдаас авдгийн нэг нь эрсдэлийн судалгаа байдаг. Судалгааны дүнд үндэслэн бид цагдаагийн байгууллагатай хамтран тогтмол зөвлөгөө, зөвлөмж авч ажилладаг. Хүүхдүүдийн дунд танихгүй хүнээс сэрэмжлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох тал дээр анхаарах шаардлагатай гэсэн судалгаа гарсан. Иймд энэ талын урьдчилан сэргийлэх хичээл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн сургалтын талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.






Холбоотой мэдээ