Трэвис Скотт хөгжмийн наадмын үеэр амиа алдсан хүмүүсийн оршуулгын зардлыг даана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-11-09 13:42:27

ВАШИНГТОН. /CNN/. Америкийн рэпер, продюсер Трэвис Скотт “Astraworld Festival” хөгжмийн наадмынх нь үеэр болсон шахцалдааны улмаас амиа алдсан найман хүний оршуулгын зардлыг даахаар болсныг түүний төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.


Техас муж улсын Хьюстон хотоос гаралтай рэпер мөн сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг цахим платформ болох “BetterHelp”-тэй хамтран эмгэнэлт явдлын улмаас хохирол амссан хүмүүст сэтгэлзүйн үнэгүй тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ.


“Т.Скотт хөгжмийн наадмын үеэр хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй зохих журмын дагуу холбогдохоор хотын захиргаа, хууль сахиулах байгууллага, онцгой байдлын албаныхантай нягт холбоотой ажиллаж байна” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.


Үүнээс гадна, “Astraworld” наадмыг зохион байгуулагчид баасан гаргийн тоглолтыг үзсэн, бямба гаргийн цуцлагдсан тоглолтыг үзэхээр тасалбар худалдан аваад байсан бүх хүнд төлбөрийг нь бүрэн буцаан олгоно гэдгийг уг мэдээлэлд ойр эх сурвалж даваа гарагт “CNN” телевизэд мэдээлсэн байна. 


Рэпер баасан гаргийн орой “Astraworld Festival” наадмын үеэр туйлын харамсалтай явдал тохиосонд гүнээ эмгэнэж, амиа алдагсдын төлөө залбирч байгаагаа өнгөрсөн амралтын өдрөөр нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Түүний найз бүсгүй Кайли Женнер ч мөн тоглолтын үеэр үзэгчдийн дунд юу болж байгааг бид хоёрын хэн хэн нь мэдээгүй гэж хэлсэн байна.


Хьюстон хотод баасан гаргийн орой 50 мянга гаруй үзэгч цугларсан тайзан дээр Т.Скотт 21 цаг дөнгөж өнгөрч байхад гарч иржээ. Энэ үеэр үзэгчид шахцалдаж, аймшигтай нөхцөл байдал үүссэн талаар нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна. Тийнхүү хүмүүс гэмтэж бэртсэн талаарх дуудлага 21:30 цагийн үед анх иржээ. Харин Т.Скотт 22 цагийн орчимд буюу түргэний тэрэг үзэгчдийн дундуур явж байгааг харсныхаа дараа үзүүлбэрээ зогсоосон байна. 

Холбоотой мэдээ