Угаарын хийнд хордсон тухай дуудлага өмнөх оныхоос цөөрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-08 14:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Угаарын хийд хордсон тухай дуудлага өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 282 тохиолдлоор цөөрчээ.  


Энэ тухай НИТХ-аас зарласан "Угаарын хийн эрсдэлээс сэргийлье" нэг сарын аяны дүнг танилцуулахаар өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэв.


2019-2020 оны галлагааны улиралд угаартсан 2970 иргэн бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн оны 10-р сард нь 712 тохиолдол бүртгэгджээ. Харин энэ оны 10-р сард 232 иргэн, 198 хүүхэд, нийт 430 угаарын дуудлага бүртгэгдсэн байна. Иймд өмнөх оны 10-р сарынхтай харьцуулахад 282 дуудлагаар цөөрснийг тэрбээр онцоллоо.


Угаарын хийн аюулаас сэргийлэхийн тулд зуухан дахь шаталт бүрэн явагдаж буй эсэх, зуух бүрэн бүтэн байгаа эсэхийг заавал шалгаж, түлшийг горимын дагуу зөв ашиглах шаардлагатай юм. 


Ташрамд дурдахад, нүүрс, түлш зэрэг органик нэгдлийн дутуу шаталтаас үүсдэг угаарын хийгээр их амьсгалснаар хүний биеийн цусны улаан эсийн тоо цөөрдөг. Улмаар эд эрхтнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүн угаартаж эхэлдэг байна.

Угаарын хий буюу СО нь хүчилтөрөгчийн дутагдалтай орчинд үүсэж, битүү орчинд хүн амьтныг угаартуулах хортой. Харин задгай агаартай буюу хүчилтөрөгчтэй үед агаарт тийм ч удаан оршдоггүй байна. Учир нь агаарт хүчилтөрөгчийн атомуудтай маш хурдан исэлдэж нүүрсхүчлийн хийд шилждэг.


Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ