АН-ын анхан, дунд шатны намын хорооны дарга нар эв нэгдлээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-05 12:42:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардчилсан намын Онц их хурлын үеэр анхан, дунд шатны намын хорооны дарга нар эв нэгдлээ илэрхийлэн сум, дүүрэг тус бүрийнхээ газрын зурагт тамгаа дарж, гарын үсгээ зурлаа. 


Тус намын "Онц их хурал" өнөөдөр "Улаанбаатар палас"-ын танхимд 11.00 цагт эхэлсэн юм. Хуралд Ардчилсан намын 1300 гаруй төлөөлөгч 21 аймаг, 9 дүүргээс оролцож байна. 


Түүнчлэн УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс гадна Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч, АН-ын дарга асан Ц.Элбэгдорж, 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин тэргүүтэй төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд оролцож байгаа юм.



Тус намын Үндэсний бодлогын хорооны 290 гишүүн гарын үсэг зурснаар намын үндсэн дүрмийнхээ хүрээнд Их хурлаа зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн. Өмнө нь “Эв нэгдлийн Их хурал” гэж нэрлэж байсан ч намын дотоодод үүсээд буй нөхцөл байдал, үл ойлголцол, дүрмийн бус шийдвэрүүд болон 2020 оны УИХ-ын сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд удаа дараалан ялагдал хүлээсэн зэрэг нь АН-ын хувьд 30 жилийн түүхэндээ байгаагүй онцгой нөхцөл байдал үүссэн гэж "Улс Төрийн Зөвлөл" үзсэнээр “Онц Их Хурал” болгон хуралдуулахаар болсон юм.  Хурлын төлөөлөгчид намдаа үүссэн зөрчил, хагаралыг эцэслэх юм гэдгийг АН-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ