Элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 1000 иргэн үнэгүй хамарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-01 14:10:49

Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 1000 иргэнийг элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болсон талаар өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэд мэдээллээ.

Нийслэлийн халамж үйлчилгээний газар /НХҮГ/, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хапи веритас” оношилгооны төв хамтран 2015 оны 10 дугаар сарын 1-31-ийг дуустал нийгмийн эмзэг бүлэгт хамаарах, элэгний В, С вирустэй иргэдийг элэгний хатуурлын зэрэг тодорхойлох "FibroScan" шинжилгээнд хамруулах юм. Энэхүү арга хэмжээг НХҮГ, өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтран шинжилгээнд орох иргэдийг “Хапи веритас” оношилгооны төвд илгээх юм.

Тус төв нь 2008 онд байгуулагдсан бөгөөд одоо элэг, дотрын оношилгоо эмчилгээний төв болон өргөжсөн байгаа бөгөөд анагаах ухааны салбарт ашиглах болсон ч манай улсад нэвтэрч амжаагүй байсан олон шинэ оношилгоо, технологийг нэвтрүүлээд байна.

Харин энэ удаа  “Хапи веритас” төв нийтдээ 70 сая төгрөгийн өртөгтэй шинжилгээг үнэгүй хийхээр болжээ. Элэгний хатуурлын шинжилгээг сонгож хийх болсон нь өрхийн эмнэлгүүдэд элэгний вирусыг тодорхойлдог болсон. Харин элэгний хатуурал тодорхойлох  FibroScan оношилгоог Монголд нэвтрүүлээд 4 жил болсон ч төлбөр өндрөөс зорилтот бүлгийнхэн уг шинжилгээнд хамарч чаддаггүй байна. Иймд өртөг өндөртэй тус шинжилгээг сонгожээ. Гэхдээ нийслэлийн хэмжээнд 1000 хүнд уг шинжилгээг хийх болсон нь тийм ч хангалттай биш юм.

Монгол Улсын хувьд иргэдийн 10 хувь нь В вирустэй, 15-17 хувь нь С вирустэй гэсэн судалгаа бий. Харин дельта вирус нь зөвхөн В вирустэй хүнд халддаг бөгөөд В, D хавсарсан вирустэй хүнд элэгний хатуурал, хавдрын явц хурдан илэрдгээрээ эрсдэлтэй. Сүүлийн 10 жилд элэгний хавдар, хатуурлын улмаас нас баралт тасралтгүй нэмэгдэж энэ өвчнөөр хорвоог орхигсдын тоо хоёрдугаарт бичигдэх болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд