Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2021-11-01 18:56:22
@ShoovdorBatbold

Глазгоу, Шотланд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазгоу хотноо өнөөдөр эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна.

Хурлыг зохион байгуулж буй ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антони Гутерреш нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан мэндчилж, цаг зав гарган биечлэн ирж хуралд оролцож буйд талархал илэрхийлээ.

Шотландын Глазгоу хотод 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 12-ны хооронд болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын  26-р Бага хурлын (COP26) хүрээнд зохион байгуулж буй дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад АНУ, Франц, ХБНГУ, БНСУ, БНЭУ, Итали, Испани зэрэг 130  гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр үдээс хойш уулзалтад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах талаар Монгол Улсын зорилго зорилт, хийж хэрэгжүүлж буй ажил, санал санаачилгын талаар үг хэлнэ.

Энэхүү дээд түвшний уулзалт нь хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд оролцогч талуудын үүрэг амлалтыг тодорхой болгох, санхүүжилт босгоход оролцогч талуудыг уриалах замаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилготой юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улс оролцох нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үйлсэд оруулж буй өөрийн орны хувь нэмэр, эрмэлзлэлээ илэрхийлэх ач холбогдолтой юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна. Цаашид шинэ технологи, инновац нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэн энэ хувийг 27.2 хувь болгохыг зорьж байгаа юм.



Холбоотой мэдээ