БНХАУ-ын дарга Ши Жиньпин НҮБ-ын баярын хуралд оролцов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-10-29 14:42:29

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 25-ны өдөр Бээжин хотноо БНХАУ НҮБ-д хууль ёсны байр сууриа сэргээсний 50 жилийн ойн баярын хуралд оролцож үг хэлэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ “Шинэ Хятад улс НҮБ-д албан ёсны байр сууриа сэргээсэн энэ 50 жил бол Хятадын энх тайван хөгжил хийгээд хүн төрөлхтөнд сайн сайхныг авч ирсэн жилүүд байлаа. Хятад улс цаашид энх тайванч хөгжлийн замаар тууштай замнаж, ямагт дэлхийн энх тайвныг бүтээгч байх болно. Нээлттэй бодлогын замаар тууштай замнаж, ямагт дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон талт үзлийг ямагт баримталж, ямагт олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно. Хятад улс бусад улс оронтой хамтдаа хэлэлцэж, хамтдаа бүтээж, хамтдаа хүртэх үзэл баримтлалыг мөрдөж, хүн төрөлхтний нэгдмэл үнэт зүйлсийг дэлгэрүүлж, үнэн бодит олон талт үзлээр замнаж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн талд зогсож, дэлхийн тогтвортой энх тайванч хөгжлийг хэрэгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг байгуулах ажлыг урагшлуулахын төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байна” гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш хэлсэн үгэндээ “Хятад улс НҮБ-д албан ёсны байр сууриа сэргээснээс хойших 50 жилийн хугацаанд НҮБ-д чухал хувь нэмрээ оруулж, НҮБ-ын итгэлт түнш хийгээд олон улсын хамтын ажиллагааны гол тулгуур нь байсаар ирсэн. Хятад улсад НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ядуурлыг арилгах, нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. НҮБ дэлхий нийтийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно” гэлээ.

 Мөн тэрээр, олон улсын хамтын нийгэмлэгийг олон талт үзлийг дэмжиж, олон талт механизмыг сайжруулж, дэлхий нийтийн сорилттой нэгдэн тэмцэхийг уриаллаа. Тэрээр, НҮБ цаашид ч мөн Хятад улсын тууштай түнш байж, илүү шударга, тогтвортой ирээдүйг хамтдаа байгуулахад бэлэн байгааг онцоллоо.

Холбоотой мэдээ