АНУ-ын тэрбумтнуудад татвар ногдуулахыг эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-28 12:53:08

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, бизнес эрхлэгч Илон Маск нар нийгмийн зардлыг төлөхийн тулд Ардчилсан намынхны санал болгож буй "тэрбумтнуудад зориулсан татвар"-ыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.


Хэрэв татвар тогтоовол Америкийн тэрбумтнууд өөр улс руу явахыг илүүд үзнэ гэж Трамп мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. "Би эдгээр бүх улс орныг мэргэн удирдлагатай гэдгийг мэднэ. Тэд АНУ-ын Конгресст зүүний радикал маньякуудын хийж байгаа зүйлд баяртай байгаа" гэж Трамп онцолжээ. “Хэрэв тэд намайг өөр улс руу явбал ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломж өгөх үү? гэдэг их сонин байна. Магадгүй би энд хүлээх байх. Харин бусад нь тэгж чадахгүй л болов уу” гэж Трамп мэдэгдсэн байна. 


Харин Илон Маск энэ талаар “Twitter” хуудсандаа мэдэгдэхдээ, хүн амын хамгийн чинээлэг давхаргад татвар ногдуулснаар 28.9 их наяд доллар даваад байгаа АНУ-ын өрийн асуудлыг шийдэхэд тус болохгүй гэж онцлон тэмдэглэжээ. "Тэрбумтнуудад бүгдэд нь 100 хувийн татвар ногдуулсан ч энэ өрийн зөвхөн зарим хэсгийг л төлж дуусгах тул үлдсэнийг нь жирийн иргэдээс авах нь ойлгомжтой" гэж тэрбээр бичсэн байна.


Тэрбумтнуудад татвар ногдуулах саналыг АНУ-ын Конгрессын Сенатын танхимд Орегон муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн, тус танхимын Санхүүгийн хорооны дарга Рон Уайден лхагва гарагт дэвшүүлжээ. Түүний тавьж буй саналаар бол Америкийн тэрбумтнууд шууд орлогоосоо төдийгүй хөрөнгийнх нь үнэ өссөн тохиолдолд, тухайлбал хувьцааны үнийн өсөлтөөс татвар төлөх ёстой гэнэ. Одоо зөвхөн зарсан тохиолдолд л татвар төлдөг байна.


Уайдены танилцуулсан төлөвлөгөөний дагуу нэг тэрбум доллароос дээш хөрөнгөтэй эсвэл гурван жил дараалан доод тал нь 100 сая долларын орлого олж буй америкчуудад татвар ногдуулна. Нийтдээ 700 гаруй хүн энэ татварт өртөж магадгүй байна. Татвараас олсон орлогыг  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны нийгэм, эдийн засгийн хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулна гэж таамаглаж байна.


Байден өмнө нь Америкийн тэрбумтнууд болон томоохон корпорацуудыг зарим тохиолдолд орлогоосоо бараг татвар төлдөггүй гэж шүүмжилсэн юм. Тэрбээр чинээлэг америкчууд жил бүр 160 тэрбум ам.долларыг татвар хэлбэрээр төлөх ёстой гэж мэдэгджээ. Энэ орлогоос дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч үзэж байгаа юм.


Өнгөрсөн зургаадугаар сард "ProPublica" цахим хуудсанд Америкийн тэрбумтнуудын төлсөн орлогын татварын дүнгийн талаарх мэдээлэл нийтлэгджээ. Улмаар уг мэдээлэл баялгийн татвар ногдуулах уриалгад хүргэж, АНУ-ын Дотоод орлогын албаны шалгалтын сэдэв болсон байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээрээ алдартай тус цахим хуудсанд мэдээлснээр, “Amazon” компанийн ерөнхий захирал Жефф Безос, “Tesla”, “SpaceX” компаниудын тэргүүн Илон Маск, “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Уоррен Баффет зэрэг Америкийн хамгийн баян хүмүүсийн 2014-2018 онд төлсөн орлогын албан татвар нь нийт хөрөнгийнх нь өссөн дүнгийн хэдхэн хувиас хэтрээгүй байна. Хэдийгээр хуулийн үүднээс тэрбумтнуудын эсрэг гомдол гараагүй ч тэдний төлсөн татварын талаарх мэдээлэл олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьжээ.


Холбоотой мэдээ