Технологийн хөрөнгө оруулалтын чуулганд Монгол Улс оролцож байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-28 14:53:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Саудын Араб улсын нийслэл Эр-Рияд хотноо дэлхийн технологийн хөрөнгө оруулалтын чуулган “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” уриан дор энэ сарын 26-28-нд болж байна.

Тав дахь удаагаа зохион байгуулж буй олон улсын уг чуулганд Монгол Улсаас анх удаа зочин төлөөлөгч урьж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож байна. Тэрээр Монголын хөрөнгө оруулалтын орчин, манай улсын технологийн компаниудын үйл ажиллагааг танилцуулав.




Чуулганд дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгчид оролцож коронавирусний дараах үеийн салбарын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байна. Энд Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан, Их Британийн тэрбумтан Росчайлд зэрэг хөрөнгө оруулалтын томоохон байгууллага, хувь хөрөнгө оруулагч нар оролцож байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” /FII/ олон улсын хурал 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болж байна. Тус хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, зохион байгуулагчдын зардлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, илтгэл тавилаа.

Тэрбээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, тэрдундаа мэдээллийн технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын талаар олон улсад илтгэл тавьж, Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалав. Хуралд оролцогч Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд Халед А. Фалих, Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл уулзалтын үеэр Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.


“Хүн төрөлхтөнд хөрөнгө оруулъя” сэдэв дор зохион байгуулж буй тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс бодлого боловсруулагч, хувийн хэвшлийн компанийн удирдлага, хөрөнгө оруулагчид, шинийг санаачлагчид зэрэг нийт 7000 гаруй төлөөлөгчид оролцож, цэвэр ус, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, жендерийн тэгш байдал, эрүүл мэнд, мэдээллийн технологийн зэрэг салбарт хөрөнгө оруулах арга замыг хэлэлцэж байна.



Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаас эрүүл мэнд, хиймэл оюун ухаан, нийгэм, байгаль орчин, боловсролын засаглалын чиглэлээр олон санаачилга гарна гэсэн хүлээлттэй байна. Чуулга уулзалтыг Саудын Араб улсын үндэсний баялгийн сангаас зохион байгуулж байна.



Холбоотой мэдээ