Байршил тогтоогч хиймэл дагуулын системийн хэрэглээний асуудлаар санал солилцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-26 16:07:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем (GNSS)-ийн хэрэглээ" сэдэвт олон улсын семинар өчигдөр эхлэв. 


Тус семинарыг Гадаад харилцааны яам, НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба, Монголын Геомэдээллийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.  


 Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тус семинарыг нээж үг хэлэхдээ, цахим үндэстэн болох, сансрын холбооны болон зайнаас тандан судлалын Үндэсний хиймэл дагуул хөөргөх зэрэг Засгийн газрын томоохон төсөл, хөтөлбөрт Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулын систем чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцлов. Мөн манай улсын сансрын технологи судлал, геодези, зураг зүйн, орон зайн өгөгдлийн дэд бүтцийн хөгжлөөрөө дэлхийн жишигт хөл нийлүүлэн алхах, сайн туршлага солилцох, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломжийг олгож буй уг семинарыг зохион байгуулагчдад талархал илэрхийлэв.


Таван өдрийн турш үргэлжлэх олон улсын семинарт хэмжил зүй, зураг зүй,  дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулын системийн хэрэглээний асуудлаар оролцогчид санал солилцож семинарын төгсгөлд зөвлөмж, дүгнэлт гаргана.


Семинарт ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Энэтхэг, Узбекистан, Тайланд, Индонез, Пакистан, Балба, Бангладеш, Куба, Бразил, Хорват, Алжир, Венесуэл, Нигериа, Этиоп зэрэг улсын дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулын системийн хэрэглээний асуудлаарх салбарын төлөөлөгчид болон НҮБ-ын Сансрын асуудал эрхэлсэн алба, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Холбоотой мэдээ