Оюутнууд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-25 18:41:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд аравдугаар сарын 22, 23-нд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа.

Тус сургуульд 2021-2022 оны хичээлийн жилд 900 гаруй оюутан суралцаж байна. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны 2016 оны 10 дугаар тогтоолоор хичээлийн жил эхлэхэд их, дээд сургуулийн оюутнуудыг сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулахаар заасан байдаг. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс оюутны эрүүл мэндийг дэмжих ”Эрүүл оюутан-Эерэг хандлага” сарын аяны хүрээнд оюутан залуусыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулах, эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх тухай заасны дагуу тус сургуульд шинээр элсэн орсон нэгдүгээр дамжааны 262 оюутныг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа.

Үзлэгийг АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн эмнэлзүйн тэнхимийн багш нар амжилттай зохион байгуулсан тухай тус сургуулийн захиргаанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ