Чацарганы үйлдвэр ашиглалтад оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-10-25 09:45:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн төв Улаангом хотод чацарганы чанамал үйлдвэрлэх цех ашиглалтад орлоо. Өдөрт 10 мянган ширхэг жижиг савлагаа бүхий чанамал үйлдвэрлэх боломжтой тус үйлдвэрийг аймгийн чацарганы кластер баг хамтран байгуулж, багийн нэг гишүүн “Ус Эрдэнэ жимс” компанийн дэргэд ажиллуулж эхэллээ.

16 гишүүнтэй кластерийн багийг Герман улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын холбооноос манай улсад хэрэгжүүлж буй “ProValue” төслийн хүрээнд байгуулж ийнхүү чацаргана тариалж бүтээгдэхүүн гарган жимсний чанамал үйлдвэрлэж байна.




Чацаргана тариалагч кластер багийн гишүүд дундын хоршоо байгуулж, одоо эхлүүлээд буй үйлдвэр цехийн түүхий эдийг хамтдаа бүрдүүлж, ашиг орлогоо хуваалцах юм. Мөн багийн гишүүд “ProValue” төслийн дэмжлэгээр 16 га талбайд шинээр чацаргана тариалахад бэлэн болоод байна. Талбайгаа хашаажуулан, усалгаатай болгож, эрчим хүч татжээ. Хөрсөө тэгшилж, хагалахаас гадна 8 худаг гаргажээ. Ирэх хавар уг талбайд чацаргана тариалах юм. Увс аймагт энэ оны эхний 9 сарын байдлаар 750 тонн жимс хураан аваад байна.





Холбоотой мэдээ