Р.Эрдоган 10 орны элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарлахыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-10-24 10:57:08

АНКАРА. /France24/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бизнес эрхлэгч Осман Кавалаг суллахыг уриалсан Өрнөдийн 10 орны элчин сайдыг тааламжгүй этгээд хэмээн зарлахыг Гадаад хэргийн яамандаа үүрэг болгосноо бямба гарагт мэдэгдлээ.


Турк дахь АНУ, Канад, Франц, Финланд, Дани, Герман, Нидерланд, Шинэ Зеланд, Норвег, Шведийн Элчин сайдын яамд 10 дугаар сарын 18-ны өдөр хамтарсан мэдэгдэл гаргаж, О.Кавалагийн холбогдсон хэргийг шүүх ажиллагааг түргэвчилж, түүнийг нэн даруй суллахыг уриалжээ.


О.Кавала нь 2013 онд Засгийн газрын эсрэг орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан, 2016 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн буруутгагдсаны улмаас дөрвөн жил гаруйн турш хоригдоод буй юм.


Элчин сайд нар О.Кавалагийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удаа дараа хойшлогдож буй нь ардчилал, хууль  дээдлэх ёс хийгээд Туркийн шүүх тогтолцооны ил тод байдлыг сулруулж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. 


Харин Р.Эрдоган бямба гарагт мэдэгдэхдээ, Элчин сайд нар Туркийн байр суурийг ойлгохгүй бол манай улсыг орхин явах шаардлагатай болно гэжээ. 

Холбоотой мэдээ