Латви дахин хөл хорио тогтоосон Европын анхны орон боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-21 11:24:49

РИГА. /The Guardian/. Латвид “COVID-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэх болсонтой холбогдуулан сарын турш хөл хорио тогтоохоор шийдвэрлэснээр халдварын шинэ давлагаа дэгдээд буй Европын орнуудын дундаас дахин хатуу хязгаарлалт тогтоосон анхны орон болж байна.


Латвид вирусний тархалтыг олон сарын турш хумиад байсан боловч COVID-19”-ийн тохиолдлын тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлтээр дэлхийд дээгүүр жагсах болоод буйг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл харуулж байгаа юм.


“Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо аюулд ороод байна. Энэ хямралыг даван туулах цорын ганц арга нь вакцинд хамрагдах юм” гэж Ерөнхий сайд Кришьянис Кариньш даваа гаргийн орой болсон Засгийн газрын яаралтай хуралдааны үеэр мэдэгджээ. Тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо огцом нэмэгдэж буйг вакцинжуулалтын түвшин сул байгаатай холбон тайлбарласан байна.


Латвийн 1.9 сая иргэний ердөө 57 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгааг Европын Холбооны дундаж үзүүлэлттэй /74 хувь/ харьцуулахад хангалтгүй байгаа юм. Хөл хорио тогтоосноор сарын турш шөнийн цагаар буюу оройн 20 цагаас үүрийн 05 цаг хүртэл хөл хорьж, сургуулиудын сургалтыг, мөн онцын шаардлагагүй дэлгүүрүүдийн үйл ажиллагааг зогсооно.


К.Кариньш “COVID-19”-ийн вакцинд хэдийнээ хамрагдсан хүмүүсээс хүлцэл өчөөд, хөл хорио тогтоосон хугацаанд зөвхөн нэн шаардлагатай үйлдвэрлэл, бүтээн байгуулалт гэх мэт өндөр ач холбогдолтой салбарын ажилтнууд ажил үүргээ биечлэн гүйцэтгэх боломжтой гэдгийг мэдэгджээ.


Өнгөрсөн долоо хоногт Латви улсын Ерөнхийлөгч Эгилс Левитсийн өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсантай холбоотойгоор түүнтэй нэг хоногийн өмнө уулзсан Финланд улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё өөрийгөө тусгаарласан байна.


Цар тахал дэгдсэнээс хойш халдварын улмаас 3000-аас цөөн хүн нас барсан Латви нь Европын орнууд дундаа халдварын эсрэг амжилттай тэмцсэн орны тоонд багтаж байсан юм. Гэвч иргэд вакцинд хамрагдахад хойрго хандсан нь халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэхэд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. 

Холбоотой мэдээ