“AY.4.2” хувилбарын улмаас Израилын аялал жуулчлалын төлөвлөгөө өөрчлөгдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-21 10:47:43

ТЕЛЬ-АВИВ. /The Jerusalim Post/. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет коронавирусний "дельта" хувилбарын шинэ дэд хувилбар болох “AY.4.2” омгийн анхны тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор гадаадын жуулчдыг хүлээн авах хөтөлбөрт өөрчлөлт оруулахыг үүрэг болгожээ.


Тус улс 11 дүгээр сараас вакцин хийлгэсэн гадаадын жуулчдад хилээ нээхээр төлөвлөж байгаа юм. 


Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет “AY.4.2” хувилбар илэрсэнтэй холбогдулан тус улсын Эрүүл мэндийн яамны удирдлагатай зөвлөлдөх уулзалт хийжээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд тэрбээр аялал жуулчлалын хөтөлбөрийг шинэ төрлийн вирусний талаарх одоо байгаа мэдээллийн дагуу шинэчилж, пүрэв гарагт /10 дугаар сарын 21/ танилцуулахыг үүрэг болгосон байна.


Илүү хурдан тархдаг “дельта” хувилбарын шинэ дэд хувилбараар халдварласан нэг тохиолдол Израилд илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам лхагва гарагт мэдээлжээ. Уг хувилбар Молдаваас буцаж ирсэн 11 настай хүүгээс илэрсэн байна. Одоо хүү тусгаарлагдсан байгаа бөгөөд ирснээсээ хойш хэнтэй ч ойр харилцаагүй болохыг тус яам тэмдэглэжээ.


“AY4.2” хувилбар нь сүүлийн үед Их Британийн хүн амын дунд түгээмэл тархах болсон байна.


ВВС -ийн мэдээлснээр “дельта” хувилбар одоо Их Британид давамгайлж байгаа боловч хамгийн сүүлийн үеийн албан ёсны тоо баримтаас харахад энэ хувилбараар халдварласан тохиолдлуудын 6 хувь нь “AY.4.2” мутацитай холбоотой бөгөөд зарим шинжээч уг хувилбарыг "Дельта плюс" гэж нэрлэж байгаа юм.


“AY.4.2” хувилбар нь илүү хурдан халдварладаг эсэх, ковидын вакцинууд даван туулж чадах эсэх талаарх судалгааг шинжээчид эхлүүлээд байгаа бөгөөд судалгаа одоогоор үргэлжилж байна.


Одоогоор шинэ дэд хувилбарыг илүү хурдан халдварладаг гэх нотолгоо байхгүй байгаа юм.


Холбоотой мэдээ