АСЕМ-ын Загвар чуулганы төлөөлөгчид баяр наадмын парадад алхана
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын Загвар чуулган өнөөдөр манай улсад нээлтээ хийсэнтэй холбогдуулж МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзулаас уулзалтын зохион байгуулалт, үр дүнг тодрууллаа.
-Чуулганыг эх орондоо зохион байгуулж байгаагийн давуу талыг юу гэж үзэж байна вэ?
-Монголын залуучуудын хувьд 1990 оноос хойш, тэр дундаа 2012 оноос хойш гадаад харилцаа ихээхэн хөгжиж ирсэн. Энэ удаагийн уулзалтаар манай орны залуус 50 гаруй орны залуустай нэг дор уулзаж ярилцах боломж олдож байна. Түүнчлэн богино хугацаанд дэлхийн хэл болох англи хэлээр шилдгийн шилдгүүдтэй санаа бодлоо солилцох, үзэл бодлоо хуваалцах, туршлагаас нь суралцах, албан ёсны мэдэгдэл хийх зэрэг чадвартай болох таатай орчин бүрдлээ. Мөн оролцогчид богино хугацааны сургалтад хамарна. Хамгийн гол нь АСЕМ-ын үндсэн чуулганы загварчилсан энэхүү чуулган нь улстөрийн хүрээнд залуус өөрсдийн байр сууриа илэрхийлэх бололцоог олгож буйгаараа онцлог юм.
-Тус чуулганы хүрээнд хэдэн салбар хуралдаан болох вэ. Ер нь чуулганы зохион байгуулалтын талаар товч мэдээлэхгүй юу?
-Загвар чуулганд АСЕМ-ын гишүүн орнуудын 150 гаруй залуус оролцоно. Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ASEF буюу Ази, Европын сан, Монголын Залуучуудын Холбоо, дэмжигч байгууллагаар Гадаад хэргийн яам хамтран ажиллаж байна. Тус чуулган нь АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын сэдвийн хүрээнд ярилцдаг. Тиймээс үндсэн сэдвийн хүрээнд оролцогчид 3 хэсэгт хуваагдана. Тэдгээр хэсгүүд дотроо хоёр хэсэг болох юм.
Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, залуучууд маань хоёр сарын өмнөөс бүртгүүлж, нэг сарын өмнө сургалтад хамарсан. Өөрөөр хэлбэл монголын төлөөлөгч байлаа гэхэд өөрийн улсыг төлөөлөхгүй. Тухайлбал, ОХУ-ын байр суурийг судалсан гэсэн үг. Энэхүү судлагдахууныхаа хүрээнд чуулганы үеэр богино хэмжээний илтгэл тавина.
-Аль ч орны залуучууд бол тухайн улсын гол нүүр царай болж байдаг. Уулзалтын хүрээнд манай залуус монгол орноо хэрхэн сурталчлах вэ?
-Ер нь олон улсын түвшинд төдийгүй манай орны залуусын хувьд өөрөө өөрийгөө илэрхийлэх чадвар өндөр болсон байна. Үүнийгээ дагаад оролцоо өндөр болжээ. Иймээс ямар арга хэлбэрээр улс орноо сурталчлах вэ гэдэгт ихэд анхаарсан. Тиймээс чуулганы хөтөлбөрийг баялаг агуулгатай байхаар төлөвлөсөн.
-Тухайлбал соёлын ямар арга хэмжээ болно гэсэн үг вэ?
-Загвар чуулганы англи хэл дээрх цоо шинэ сүлд дуу бүтээлээ. Мөн Үндэсний баяр наадмын баярын жагсаалд зарим төлөөлөл маань алхана. Түүнчлэн монгол орны түүх соёл, байгалийн сайхныг таниулсан аялал зохион байгуулна.
-АСЕМ-ын чуулган нь 11 дэх удаагаа, Загвар чуулган нь 7 дахь удаагаа зохиогдож байна. Тэгэхээр харьцангуй "залуу" чуулган юм. Анх энэхүү чуулган хэрхэн зохион байгуулалтад орж байв, өнөөдөр ямар амжилт үзүүлэв гэдэг дээр дүгнэж хэлэхгүй юу?
-Загвар чуулган нь анх 2004 онд их дээд сургуулийн түвшинд болж байсан. Тухайн үед АСЕМ нь 30-аад орны гишүүнчлэлтэй байлаа. Өнөөдөр 51 улс, хоёр олон улсын байгууллагыг хамруулсан томоохон хэмжээний нэгтгэл болж чаджээ. Үүний зэрэгцээ Миланд болсон АСЕМ-ын чуулганд Загвар чуулганы 4 төлөөлөгч оролцож, гаргасан шийдвэрээ танилцуулж, амжилтаа нэрлэж байсан. Одоо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад мөн 4 залуу оролцоно. Тэдгээрийг төлөөлж Швейцарийн төлөөлөгч энэ удаагийн залуучуудын чуулганы мэдэгдлийг уншиж танилцуулна.
-Чуулганаас гарах үр дүнг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Ази-Европын залуучуудын хамтын ажиллагаа цаашид ямар чиглэлд хөгжихөө тодорхойлох нь чуулганы гол зорилго юм. Чуулганы үр дүнд бид дээд хэмжээний чуулганд тунхаглалаа хүргүүлэх болно.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал