Орон нутагт их, дээд сургуулиудын цогцолбор байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-10-20 13:28:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас орон нутагт их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол гарлаа.


Энэ тухай БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулахдаа их,  дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд буй түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө орон нутагт буй боловсон хүчнийг чадавхжуулах, цаашид бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал гэдгийг онцлов.


Тэрбээр, “Өмнө нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт их, дээд сургуулиудын салбар сургуулиудыг нүүлгэх тогтоол гарч байсан. Харамсалтай нь амьдралд хэрэгжээгүй. Учир нь механик шийдвэр, нүүдэл байсан гэж ойлгож болно. Асуудлыг цогцоор нь харж чадаагүй учир хөдөө орон нутагт чанартай  боловсрол олгодог тогтолцоог бий болгож чадаагүй” гэв.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 88 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байна. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод, 7000 нь хөдөө орон нутагт 8 их, дээд сургуульд суралцаж байгаа юм. Нийт оюутны 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж буй үзүүлэлт байгаа аж.


Мөн тэрбээр, “Хот, хөдөөгийн боловсролын ялгаа бүх түвшинд бий болсон. Цаашид их, дээд сургуулиудыг хөдөө орон нутагт хөгжүүлэх юм бол Улаанбаатар хотод олгодог шиг чанартай боловсрол олгох зайлшгүй шаардлага байна. Их, дээд сургуулиудыг төгссөн суралцагчийн хэдэн хувь нь ажлын байртай болов гэдэг үзүүлэлтээр хэмждэг. Эрдэнэт, Дархан, Өмнөговь аймагт сургалт судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС-ийн сургуулиудыг байгуулах шийдвэр гарч байна. Ингэхдээ салбар биш сургуулиудыг байгуулна гэсэн үг.

Гэхдээ шинээр барилга барихгүй, тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур болон хичээлийн байрыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолбор байгуулна. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно.

Хөдөө орон нутагт суралцаж буй оюутнуудад Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй тэтгэлэг олгоно. Түүнчлэн багш нарт хөдөө орон нутагт ажилласны нэмэгдэл олгоно. Мөн ирэх оноос багш нарт хөдөө орон нутагт ажиллахад урамшуулал олгох, Улаанбаатар хотод ажилласантай дүйх хэмжээний цалин олгох, ипотекийн зээлд хамруулах, бизнес эрхлэх боломж олгох гээд багцаар нь санал болгохоор шийдвэрлэсэн” гэв.

Холбоотой мэдээ