Барааны ханган нийлүүлэлтэд нүүрлэсэн хямралыг Жо Байден ганцаар зогсоож чадахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
anudaritsagaan@gmail.com
2021-10-19 11:05:36

НЬЮ-ЙОРК. /CNN/. Барааны үнийн гэнэтийн өсөлт, дэлгүүрийн лангууг  хоосолсон, бараа тээврийн хугацааг нэлээд сунгах болсон барааны ханган нийлүүлэлтийн сүлжээн дэх ачаалал түгжрэлийг бууруулахын тулд Жо Байдены засаг захиргаа ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.


Үүний нэг илрэл бол манай гаргийн хамгийн их ачаалалтай боомтуудын нэг болох Лос-Анжелес хотын боомтыг долоо хоногийн өдөр бүр 24 цагаар ажиллуулах горимд шилжүүлэн боомтын түгжрэлийг арилгах 90 хоногийн хугацаатай арга хэмжээг хэрэгжүүлэхийг лхагва гарагт зарласан явдал юм.


Walmart /WMT/, “Target”, “Home Depot /HD/, “FedEx”, “UPS” /UPS/ болон бусад компаниуд шөнийн цагаар түгээн нийлүүлэх барааныхаа тоо хэмжээг нэмэгдүүлэхээр болсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Уг хүчин чармайлт нь олон баяр тохиох улирлаар АНУ-ын эдийн засагт нүүрлээд буй барааны ханган нийлүүлэлтийн хямралыг зогсооход тус дэм болох боловч зогсоож чадахгүй гэж салбарын эх сурвалжууд тайлбарлав.


“Цагаан ордон зөв алхам хийж байна” гэж “Moody’s” судалгааны агентлагийн Ахлах эдийн засагч Тим Ю хэлжээ. “Гэхдээ би үүнийг шийдвэрлэх арга хэмжээ гэж хэлэхгүй. Энэ бол зөв чиглэлд хийсэн алхам юм” гэж тэрээр нэмж дурджээ.


“Долоо хоногийн өдөр бүр 24 цагаар ажиллах горимд шилжсэнээр ачааны контейнер тээврийн урсгалыг 10 хувиар нэмэгдүүлэх боломжтой болно” гэж “Moody’s” агентлаг тооцоолжээ. “Хэрэв ямар ч арга хэмжээ аваагүй бол нөхцөл байдал улам дордох байсан гэж” Тим Ю хэлсэн байна.


“Энэ бол дэлхий нийтийн асуудал


“Долоо хоногийн өдөр бүр 24 цагаар ажиллах горимд шилжсэнийг талархан хүлээн авч байна” гэж Coca-Cola”, “Kellogg” болон бусад олон арван томоохон компанийг төлөөлдөг худалдааны бүлэг болох Хэрэглэгчийн брэндүүдийн холбооны гүйцэтгэх захирал Жеофф Фриман дурджээ.


Гэвч лхагва гарагт болсон Жо Байдены засаг захиргааны албаны хүмүүстэй хийсэн цахим уулзалтад оролцсон Ж.Фриман үүнийг “энгийн хялбар арга”, "мэдээжийн алхам" гэж тодорхойлжээ. Ачааг боомтоос зөөж гаргах ачааны машин, жолооч нар дутагдалтай байгааг энэ нь шийдэж чадахгүй гэж тэрээр цохон тэмдэглэсэн байна.


Нэг дэх асуудал: Холбооны Засгийн газар дангаараа хийж чадах зүйл маш бага. Энэ салбарыг ерөнхийд нь ачаа тээврийн компаниуд, агуулахууд, боомтын операторууд, төмөр зам гэх мэт хувийн аж ахуйн нэгж, бизнесүүд хянадаг. Тулгарч буй хамгийн том бэрхшээл бол бараа ханган нийлүүлэх сүлжээ нь асар том хэмжээтэй аж.


Энэ хямрал Лос-Анжелес хот болон Лонг-Бичийн боомтуудад зангуугаа хаясан чингэлэг зөөвөрлөдөг усан хөлөг онгоцнуудын түгжрэлээс хамаагүй өргөн цар хүрээтэй бөгөөд улс орнуудын COVID-19-ийн журам болон бусад дүрмүүдийн улмаас дэлхий дахинаа ачаа тээврийн  жолооч, ачааны машины дутагдал, компьютерийн чип болон бусад эд ангиудын хомсдол, тэнгис далайд гацсан хэдэн зуун мянган далайн тээврийн хөлгүүдийг хамарч байгаа юм.


Түүнчлэн бусад боомтууд дахь түгжрэл, тэр дундаа Саванна боомт хэдийгээр тасралтгүй ажиллаж байгаа ч тэнд овоолоостой байгаа 80000 ширхэг чингэлгийг энд дурьдах нь илүүц биз. 


“Энэ бол АНУ өөрөө дангаараа шийдэх асуудал биш юм. Энэ бол дэлхий дахины асуудал”  гэж Тим Ю хэлжээ.


Энэ хямрал саарна гэж Жэйми Димон таамаглаж байна


Хэдийгээр энэ долоо хоногт Цагаан ордон арга хэмжээ авахаа зарласан ч дэлхий дахинаа ханган нийлүүлэлтийн сүлжээний хямрал саарахынхаа өмнө улам дордох болно гэж энэ долоо хоногийн эхээр хэлсэн үгэндээ “
Moody’s” агентлагийн эдийн засагч итгэлтэй хэвээр байна.


Дюкийн их сургуулиас энэ намрын эхээр явуулсан санал асуулгад оролцсон ихэнх санхүүгийн албаны удирдлагууд барааны ханган  нийлүүлэлттэй холбоотой асуудлууд 2022 он дамнан өрнөх болно гэж үзжээ. Харин тэдний ердөө 10 хувь нь эдгээр асуудал бэрхшээлүүд энэ ондоо багтаж арилна гэж тооцож байгаа аж. Бусад нь илүү өөдрөг бодолтой байна.


“Жилийн дараа гэхэд бид барааны ханган нийлүүлэх сүлжээний талаар огт ярихгүй байх болно” гэж “JPMorgan Chase” /JPM/ компанийн гүйцэтгэх захирал Жэйми Димон лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурджээ. Ханган нийлүүлэлтийн сүлжээний хямралын одоо үзүүлж буй онцгой сөрөг нөлөөг  харгалзан үзвэл энэ нь гайхалтай мэдээ байх болно.


Дээрх хомсдол, усан тээврийн асуудлууд нь барааны үнийг маш хурдан өсгөхөд нөлөөлдөг. Есдүгээр сард хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 5.4 хувиар өссөн нь 2008 оноос хойших 12 сарын доторх хамгийн хурдан өсөлт болж байна. Шинэ машины үнэ 1980 оноос хойш хамгийн өндөр хурдаар өссөн нь “Ford /F/, “General Motors” /GM/ болон бусад үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулахад хүргэсэн дэлхий дахин дах компьютер чипийн хомсдолын нэг нөлөө байв.


Хуучирсан дэд бүтэц ба ачаа тээврийн автомашины жолооч нарын хомсдол


Логистикийн бэрхшээлээс үүдэлтэй асуудлыг шийдвэрлэх үүднээс Америкийн корпорациуд тэмцэж байна.


Costco /COST/ компани ариун цэврийн цаас, салфетка болон бусад цэвэрлэгээний бараа хэрэгсэл худалдан авахаа хязгаарлаж байна. “Nike” /NKE/ компани чингэлгийн хомсдол, ажиллах хүчний дутагдал болон бусад бэрхшээл нь дэлхий даяар түгээх пүүз болон бусад бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тээвэрлэлтэнд нөлөөлөхийг анхааруулж байв. Adidas,  Hasbro, Crocs /CROX/ зэрэг бусад жижиглэн худалдааны компаниуд мөн адил бэрхшээл  үүсэж болохыг анхааруулж байжээ.


Энэ нь баярын улиралд худалдан авагчид илүү өндөр үнэ, цөөн сонголт, тээвэрлэх хугацаа уртассан зэрэгтэй нүүр тулах болно гэсэн үг юм.


Ханган нийлүүлэлтийн сүлжээний хямралд COVID-19 цар тахал ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн боловч салбарт хэдэн арван жилийн турш бугшиж байсан эмзэг асуудлууд ил болсон юм.


Үүнд дэд бүтцийн тухай хоёр намын хамтарсан хуулийн төслөөр /хугацаа нь ирэхээр/ шийдэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтын доройтол орно.


“Олон үе дамжин бүтээсэн ханган нийлүүлэлтийн сүлжээнд бид найдаж байна. Энэ бол бид бүтэн жилийн турш дэд бүтцийн тухай ярьж, ажиллаж, Конгресс энэхүү дэд бүтцийн хэлэлцээрийн талаар ямар арга хэмжээ авахыг харах нэг шалтгаан юм” гэж Тээврийн яамны сайд Пит Бутичеч лхагва гарагт “CNN” агентлагийн сэтгүүлч Брайанна Килярт хэлжээ.


Ачаа тээврийн машины жолооч нарын дутагдалтай байдал нь дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний хамгийн сул тал хэвээр байна. Саяхан Их Британид шатахуун түгээх станцууд шатахуунгүй болж, энэ оны эхээр АНУ-д түлш шатахуун хомсдоход хувь нэмрээ оруулсантай энэ нь ижил шалтгаантай байна.


“Хэрэв ачааны машины жолооч нарын дутагдал үргэлжилсээр байвал, мөн миний бодлоор үргэлжлэхээр байгаа тул боомт дээрх түгжрэл саатал дахиад давтагдах болно" гэж “Moody’s” агентлагийн эдийн засагч Тим Ю онцолжээ.


Үндэсний харуулын цэргүүдийг дайчлах нь тус болох уу?


Энэ нь зарим аж ахуйн нэгж, компанийн удирдагчид цаашид арга хэмжээ авахыг яагаад шаардаж байгааг тайлбарлаж байна.


Хэрэглэгчдийн худалдааны группын гүйцэтгэх захирал Ж.Фриман “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа, Жо Байдены засаг захиргааны хүмүүстэй лхагва гарагт уулзалт хийх үеэр   хоосон ажлын байруудыг  дүүргэх гадны иргэдэд түр хугацааны виз олгох, усан хөлөг онгоцноос ачаа буулгах эсвэл агуулах талбайгаас чингэлгийг зөөх зэрэг үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Үндэсний харуулын цэргүүдийг “тодорхой зорилтоор ашиглах”-д чиглэсэн шинэ арга хэмжээг харгалзан үзэхийг уриалсан гэжээ.


“Бидэнд одоогоор эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага гараагүй байгаа ч бүх зүйлийг төлөвлөсөн байх нь чухал гэж бодож байна" гэж тэрээр нэмж дурджээ.


Энэ бол вакцин тараах, эмнэлгүүдэд туслах, сургуулийн автобус жолоодох зэрэг өмнө нь COVID-19 цар тахлын үеэр авч байсан алхам юм. Их Британид шатахуун тээвэрлэхэд цэрэг армийг дайчилж, шатахууны хомсдолыг намжаасан байна.


“Савласан бүтээгдэхүүний салбарынхантай намайг ярилцахад бүх хүмүүс ирэх саруудад энэ байдал улам бүр хүндэрнэ гэж байв” гэж Ж.Фриман хэлжээ.


Барааны ханган нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн хямралыг шийдэхэд Үндэсний харуулын цэргүүдийг дайчлах асуудлыг Цагаан ордон анхааран авч үзэж байгаа гэсэн мэдээлэл алга.


Цагаан ордны албаны нэгэн ажилтан “CNN”-д өгсөн мэдээлэлдээ “Бид өөрсдийн бүхий л боломж, сонголтуудыг үргэлжлүүлэн тооцож, хянаж байна” хэмээн дурдаад, Жо Байдены албаны хүмүүс хувийн хэвшлийн оролцогч талуудтай хэлэлцсэн санал, зөвлөгөөг харгалзан үзнэ гэж нэмж хэлжээ.


Хялбархан шийдэх боломж үгүй


Үндэсний харуулын цэргүүдийг дайчлах санааг Ханган нийлүүлэлтийн сүлжээний мэргэжилтнүүд үгүйсгээгүй.


“Ийм үед хайрцгаас гарж сэтгэсэн санааг хэн ч хүлээж авах ёстой. Учир нь одоо үнэхээр гамшиг тохиолдоод байна” гэж Хангамжийн сүлжээний менежментийн нийгэмлэгийн стратеги, нэгдлийн дэд ерөнхийлөгч Дуглас Кент онцолжээ.


Түүнчлэн “Үндэсний харуулын цэргүүдийг хамтлагуудын сайн санааны  тоглолт мэт дайчилснаар ажиллах хүчний хомсдол зэрэг урт хугацааны асуудал бэрхшээлийг шийдэхгүй” гэж Д.Кент дурдсан байна.


Ханган нийлүүлэлтийн сүлжээний хямрал олон жил бугшсаны үр дүнд бий болсон. Үүнийг хэн ч нэг шөнийн дотор арилна гэж хүлээх хэрэггүй юм. 

Холбоотой мэдээ