“Улаанбаатар” олон улсын XIII кино наадам өнөөдөр нээлтээ хийнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2021-10-18 10:55:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ.


Тус кино наадмын нээлтийн уран сайхны киногоор 2021 Каннын олон улсын кино наадмын уралдаант хэсгийн Гран при шагналт “Зургаадугаар бүхээг” бүтээлийг өнөөдөр 18.00 цагт толилуулах юм.


Энэхүү кино наадмыг
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа пикчерс” компанитай хамтран Соёлын яам, ОХУ-ын ЭСЯ, Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ, Монгол дахь Гёте институт, Улаанбаатар дахь “Русский дом”-ын дэмжлэгтэй зохион байгуулж буй юм.


Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон бөгөөөд зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэжээ.


Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой энэхүү кино наадам энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.


 

Холбоотой мэдээ