Өнгөрсөн хоногт 2076 хүнээс халдвар илэрч, 16 хүн энджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-10-15 11:35:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2076 хүн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 156 тохиолдлоор ахиу үзүүлэлт юм.


Ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын нийт тохиолдол 334 865  болж байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1113 нь Улаанбаатар хотод, 963 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн их буюу 187  тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6085 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 16 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1440 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 628 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56 789 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 10 255, хүндэвтэр 6 804, хүнд 2 206, маш хүнд 363 хүн байна.


Холбоотой мэдээ