У.Хүрэлсүх: Шударга ёс нь үр дүнгээр хэмжигддэг, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-15 09:19:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний чуулган” Төрийн ордонд өнөөдөр эхэллээ.


Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.


Чуулганы нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн тухай хуульд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагыг зүй зохистой, харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд зааан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжих тухай заасан байдгыг дурдаад, энэ хүрээнд тус чуулганыг санаачлан зохион байгуулж буйг тэмдэглэв. Тэрбээр, “Монголчууд хууль цаазын  өнө эртний уламжлалтай, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэ эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө ямагт тэмцэж, хамгаалж ирсэн түүтэй. Ялангуяа нийгэмд цэвэр агаар, цэнгэг ус мэт үгүйлэгдэж байгаа зүйл бол нийгмийн шударга ёс юм. Шударга ёс төлөвшсөн нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах жамтай. Ийм нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж, бас та биднээс шаардаж байна. Тиймээс өнөөдөр шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын алдаа оноог шүүн хэлэлцэж, үнэлэлгээ дүгнэлт өгч, цаашдын бодлого тодорхойлох зорилгоор энэхүү чуулганд та бүхэн хүрэлцэн ирээд байна. Хүний эрх, шударга ёс, хуулийг эрхэмлэх нэрийн дор чуулганыг зохион байгуулж байгаа юм. Манай ард иргэд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл буурч байгаа талаар ярьж, бичдэг боллоо. Энэ талаар та бүхэн ний нуугүй ярилцах ёстой. Хүний хувь заяаны асуудлыг шийдэж, үнэн зөвийг дэнсэлдэг хуульчид хуулиа зөрчиж, ёс зүйгүй авирлаж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна. Угтаа шүүгч, прокурор, хууль сахиулагчид хуулиа эрхэмлэн дээдлэснээр нийгэмд шударга ёсыг тогтоох тухай асуудлыг ярих ёстой. Иймээс хууль дээдлэх ёс, хуульчийн ёс зүй, сахилга хариуцлага нь та бүхний эрхэмлэн баримтлах зарчим юм. Шударга ёс нь үр дүнгээр хэмжигддэг, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн биш хууль засаглана гэдэг Үндсэн хууль, бусад хуульд захирагдан гажуудал гаргахгүй, төрийн хуулийг яс чандлан сахихыг хэлж байгаа юм” хэмээн тэмдэглэсэн юм.


Мөн тэрээр, шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын материаллаг бааз, ажиллах орчин зэрэг шийдвэрлэх ёстой олон зүйлд анхаарч хамтран ажиллахаа илэрхийллээ. 



Чуулганаар  “Шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдал ба хуулийн засаглал”, “Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаа ба хүний эрх, эрх чөлөө”, “Хуульч бэлтгэх тогтолцоо ба хуульчийн сахилга, хариуцлага” гэсэн сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагч зэрэг 500 гаруй төлөөлөл оролцож байна.

Холбоотой мэдээ