Оросын шигшээгийн шинэ дасгалжуулагчийг ирэх сард томилно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-07-06 13:52:45

МОСКВА. /TASS/. ОХУ-ын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн шинэ дасгалжуулагчийн нэрийг ирэх 8 дугаар сард тодруулна гэж ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко мягмар гарагт сэтгүүлчдэд  мэдэгджээ.  

Тэрбээр цааш нь хэлэхдээ “дасгалжуулагч Леонид Слуцкий өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж дуусгасан, бид түүнд ихэд талархалтай байгаа бөгөөд тэрбээр одооноос эхлэн Армийн спортын төв клубт /ЦСКА/ ажиллах болно. Мөн шинэ дасгалжуулагчийг томилох тал дээр бид ажиллаж байгаа боловч яг хэзээ томилох вэ гэдгийг хэлэх боломжгүй байна. Магадгүй маргааш ч байж болно. Хэрэв бид Оросын дасгалжуулагч олж чадахгүй бол гадаадын мэргэжилтнүүдийг судлах болно” гэлээ.

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг ЕАШТ-ний хэсгийн шатны гуравдахь тоглолтод Уэльсийн багт 0:3 харьцаагаар хожигдсоноор шөвгийн 16-д шалгарч чадалгүй нутаг буцсан юм.

Шигшээ багийн дасгалжуулагч Слуцкий тоглолтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "үндэсний шигшээ багт намайг залгамжлах өөр хүн хэрэгтэй" гэж мэдэгдсэн билээ. Слуцкий ЦСКА клубын ахлах дасгалжуулагчаар 2009 оны 10 дугаар сараас ажиллаж байгаа аж.

2015-2016 оны улиралд Москвагийн ЦСКА баг Оросын Премьер лигийн аварга болж, Слуцкийг шилдэг дасгалжуулагчаар тодруулж байжээ.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ