Малайз дотоодын зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-11 12:22:47

КУАЛА-ЛУМПУР. /Kyodo/. Малайзын насанд хүрсэн хүн амын 90 хувь нь “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсантай холбоотойгоор дотоодын зорчих хөдөлгөөний хязгаарлалтаа сулруулахаар болжээ.


"Даваа гаргаас эхлэн “COVID-19”-ийн вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст муж хооронд зорчихыг зөвшөөрнө" гэж Ерөнхий сайд Исмаил Сабри Яакоб телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


Малайзад жилийн эцсээр тохиодог баярын өдрүүдийн дараа коронавирусний халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ оны нэгдүгээр сараас дотоодын зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байсан юм.


Вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байгаа тул насанд хүрсэн хүн амын 90 хувь нь вакцинд бүрэн хамрагдсаны дараа зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сулруулна гэдгээ И.Яакоб мэдэгдээд байсан бөгөөд уг зорилтод ням гарагт хүрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.


Ерөнхий сайдын хэлснээр, вакцинд бүрэн хамрагдсан малайзчууд мөн шилжих хөдөлгөөний хэлстээс зөвшөөрөл авахгүйгээр хилийн чанадад зорчих боломжтой болно. Гэхдээ эх орондоо эргэн ирснийхээ дараа тусгаарлагдах шаардлагатай хэвээр байна.


COVID-19”-ийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ийнхүү сулруулснаар коронавирустэй дасан зохицож амьдрах шаардлагатай болж буйг И.Яакоб цохон тэмдэглээд, сонор сэрэмжээ хадгалж, аялахаасаа өмнө өөрийгөө шинжлэхийг иргэддээ уриалжээ.


Тэрбээр олон улсын хилийг нээх тухайд, Засгийн газар гадаадын жуулчдыг хилээрээ нэвтрүүлэх эсэхээ нарийвчлан судалж байна гэв. Одоогийн байдлаар Малайз бизнесийн болон албаны шугамаар ирж буй гадаадын иргэдийг л хилээрээ нэвтрүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ