Булганыхан айрагнаас гадна цэвэр зөгийн балыг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-10-09 12:57:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “Булганчууд 2021” өдөрлөг төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  


Нийслэлд цагаан идээгээ зарах боломжоор хангах нь малчдад багагүй дэмжлэг болдог гэдгийг үзэсгэлэн худалдаанд оролцогчид онцоллоо.


Мал аж ахуй эрхэлж буй иргэд мах сүү, цагаан идээгээ нийслэлд авчирч борлуулах боломж жирийн үед тааруу байдаг. Булган аймгаас Улаанбаатар хотод ийнхүү өдөрлөг зохион байгуулж байгаа нь малчны хотноо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд ашиг тус болж байгааг тодотгож байна.  


Булган аймгийн Сайхан сумын малчин Б.Эрдэнэбаатар хуванцар цэнхэр савуудыг хэрэглээнээс хасаж оронд нь төмөр бетон болоод уламжлалт аргаар хийсэн хөхүүр ашигладаг аж. Тэрбээр, “Анх удаа энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Долоодугаар сараас эхлэн аймагтаа айргаа зарж байгаад 8 дугаар сарын 25-наас айргаа хурааж одоо нийслэлд ирж борлуулж байна. Манай сум өвс ургамал элбэгтэй учраас айргийн сайхан амт нь өвсөндөө байдаг. Мөн өөрсдийн хүч хөдөлмөр нөлөөлнө. Айргаа зарж борлуулан жилийн орлогоо олдог.  Малчид бид Эрдэнэт, Дархан-Уул аймаг руу явж айргаа зардаг. Хөхүүрийн айраг сайн иснэ, хуванцар савнаас хамаагүй илүү, биед хоргүй. Айргаа тусдаа зориулалтын саванд хураадаг” гэв.


Тэрбээр айргийн амтаараа танигдсан учраас байнгын худалдан авагчидтай болжээ. Гэхдээ ченжүүд гэж нэрлэгддэг бөөнөөр авч жижиглэнгээр зардаг хүмүүст нэг литр айргаа 4000 төгрөгөөр зардаг бол өөрсдийн гараас тэдний зардаг үнэтэй адил үнээр буюу литр тутмыг 7000 төгрөгөөр зарж байна. Тиймээс цаашид малчдыг зохион байгуулалтад оруулж хүн ам төвлөрсөн нийслэлд цагаан идээгээ зарах боломжийг бүрдүүлэх талд анхаарах нь тэдэнд багагүй дэмжлэг болох юм.


Энэхүү өдөрлөгт оролцохоор Сайхан сумын малчид 30 тонн, Орхон сумынх 7 тонн, Могод сумаас 10 тонн, Хутаг-Өндөр сумаас 15 тонн, ойролцоогоор нийт 60 тонн гаруй айрагтай иржээ.


Эл үзэсгэлэн худалдаа Булган аймгийн малчдын амьдралд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгааг Сайхан сумын малчин Н.Лхагвасүрэн ярилаа. Тэрбээр айргийг их хэмжээгээр сэрүүн нөхцөлд хадгалах юм бол амт чанараа алдахгүй удаан хугацаанд нөөцлөх боломжтой гэв. Сайхан сумын айраг бусад сумынхаас илүү амт чанар сайтай байдаг нь хамгийн анх тус сумын малчид айраг исгэж гаргасантай холбоотой гэдгийг тэрбээр тодотгов.


Мөн үзэсгэлэн худалдаанд айрагнаас гадна органик ногоо, нутгийнхаа брэнд бүтээгдэхүүний нэг цэвэр зөгийн балыг танилцуулж байлаа. Сэлэнгэ сумын иргэн Ш. Отгонжаргал, 100 гаруй литр зөгийн балтай ирээд өнөөдөр дуусаж байна. Зөгийн бал дотор эрхтэнд маш сайн, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ, даралт тогтворжуулна, нян вирус устгана гэх мэт олон талын ач тустай. Их хэмжээгээр авч нөөцөлсөн ч тасалгааны температурт хадгалахад муудахгүй. Нэг литр зөгийн балаа 30 мянган төгрөгөөр зарж байгаа” гэв.

 

Өдөрлөгийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй Булган аймгийн Бизнес эрхлэгчид, Төр захиргааны байгууллагынхантай хийх "Хамтын ажиллагаатай Булганчууд" уулзалт IBIS зочид буудал, Поларис уулзалтын танхимд болох юм.

Ц.Мөнх-Уяа





 

Холбоотой мэдээ