Канадад ажилгүйдлийн түвшин буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-09 12:20:19

ОТТАВА. /CTV/. Канадад ажилгүйдлийн түвшин буурах хандлага үргэлжилж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард ажилгүйдлийн түвшин 0.2 пунктээр буурч, 6.9 хувь болсон нь цар тахлын дэгдэлтээс хойших хамгийн бага үзүүлэлт гэж тус улсын Үндэсний статистикийн товчооноос баасан гарагт мэдээлжээ.


Хөдөлмөр эрхлэлтийн байдал энэ оны есдүгээр сард өмнөх оны хоёрдугаар сарын түвшинд хүрч, 157 мянган ажлын байр шинээр бий болсон нь 0.8 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 60.9 хувь байсан нь өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад 0.9 пунктээр бага үзүүлэлт юм.


Ажиллах хүчний оролцооны түвшин энэ оны есдүгээр сард 65.5 хувь байсан нь өнгөрсөн оны хоёрдугаар сард ажиглагдсан түвшинтэй тэнцсэн байна.


Төрийн болон хувийн хэвшилд ажиллагчдын тоо өнгөрсөн оны хоёрдугаар сартай харьцуулахад нэмэгдсэн бол хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тоо цар тахал дэгдэж эхлэхээс өмнөх үеийн түвшинтэй харьцуулахад 8.4 хувиар буурчээ.  


Үйлдвэрлэлийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн байдал энэ оны есдүгээр сард цар тахал дэгдэж эхлэхээс өмнөх үеийн түвшнээс давсан бол бараа үйлдвэрлэдэг салбарын хөдөлмөр эрхлэлтийн байдал өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад 3.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.


Түүнчлэн гэрээсээ ажилладаг хүмүүсийн тоо өмнөх оны дөрөвдүгээр сарын байдлаар 5.1 сая байсан бол энэ үзүүлэлт энэ оны есдүгээр сард 4.1 сая болон буурчээ.  

Холбоотой мэдээ