Далангийн усыг урьдчилан мэдэгдэлгүйгээр юүлж магадгүй хэмээн Өмнөд Солонгос түгшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-06 09:07:39

СӨҮЛ. /NHK/. Солонгосын хойгийг дамнан урсдаг гол руу Умард Солонгос урьдчилан мэдэгдэлгүйгээр далангийн усыг юүлэх гэж байгаа эсэхийг Өмнөд Солонгосын армийнхан  анхааралтай ажиглаж байна.

Борооны улирал болж байгаатай холбоотойгоор уг бүс нутагт даваа гарагаас хойш ширүүн бороо орж байгаа юм.

Өмнөд Солонгосын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан Гын өчигдөр мэдэгдэл хийхдээ “Имжинь голын эх дээр оршдог Умард Солонгосын далан усаар дүүрч байна” гэв.

Тэрбээр хэлэхдээ “Умард Солонгос урьдчилан мэдэгдэлгүйгээр далангийн усыг гол руу юүлж болзошгүй” гэж анхааруулжээ.

Хоёр Солонгосын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу энэ далангийн усыг юүлэхээс өмнө Умард Солонгосын тал Өмнөд Солонгост урьдчилан мэдэгдэх ёстой юм.

2009 оны есдүгээр сард Умард Солонгосын тал далангийн усыг гэнэт юүлсний улмаас голын усны түвшин огцом нэмэгдэж, Сөүл орчмын цэрэггүй бүсийн ойролцоо амьдардаг Өмнөд Солонгосын зургаан иргэн амиа алдсаны дараа дээрх тохиролцоог хийсэн байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ