Н.Саркозиг сонгуулийн хууль зөрчсөн гэм буруутайг тогтоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПАРИС. /Reuters/. Францын шүүх Ерөнхийлөгч асан Николя Саркози сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн гэм буруутайг тогтоожээ. Тийнхүү түүнд нэг жил хорих ял оноосон ч хяналтын электрон бугуйвч зүүн гэртээ ялаа эдлэхийг зөвшөөрсөн байна.
Н.Саркози өмнө нь
олон хэрэгт холбогдсон юм. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард шүүгчид авлига
өгөхийг завдсан гэх мэт хэрэгт мөн гэм буруутайг тогтоожээ. Ингэснээр тэрбээр Францын
орчин үеийн түүхэнд хоригдох ял авсан ерөнхийлөгчийн алба хашиж байсан
анхны хүн болжээ.
Ерөнхийлөгч асныг гэм буруутайг тогтоосон сүүлийн хэргийн тухайд, шүүх 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохыг эрмэлзэх үеэрээ түүний кампанит ажилдаа зориулсан зардлыг шалгажээ. Тухайн үед нэр дэвшигчдийн сонгуулийн зардлыг 20 сая орчим ам.доллароор хязгаарласан байна.
Харин прокуроруудын тогтоосноор, Н.Саркози ойролцоогоор хоёр дахин их хэмжээний зардал гаргаж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд олон нийттэй харилцах фирм хөлсөлжээ. Н.Саркози зардалд тогтоосон хязгаарыг мэдэж байсан ч томоохон кампанит ажил өрнүүлэх замыг сонгосон гэж прокурорууд үзжээ.
Харин Н.Саркози санхүү, логистикийн асуудалд оролцоогүй гэдгээ илэрхийлээд, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна. Францын Ерөнхийлөгчийн албыг 2007-2012 онд хашиж байсан тэрбээр консервативчуудын дундаа нөлөө бүхий дуу хоолой хэвээр байгаа юм. Түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ.