“Rolls-Royce” дан цахилгаан автомашин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-30 16:18:33

ЛОНДОН. /CNBC/. Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Rolls-Royce” брэнд 2030 он гэхэд дан цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэдгээ лхагва гарагт мэдэгдлээ.


Мөн 2023 оны дөрөвдүгээр улирлаас зах зээлд нийлүүлэх “Spectre” хэмээх анхны бүрэн цахилгаан автомашиныхаа туршилтыг удахгүй эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.


“Энэхүү шинэ автомашин нь дан цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилгын маань эхлэл болно. 2030 он гэхэд бид дотоод шаталтын хөдөлгүүртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаалахаа зогсооно” гэж “Rolls-Royce”-ын гүйцэтгэх захирал Торстен Мюллер-Отвос мэдэгджээ.


Харин “Rolls-Royce”-ыг эзэмшдэг “BMW” компанийн хувьд бензин хөдөлгүүртэй авмомашины үйлдвэрлэлээ хэзээнээс зогсоохоо хараахан мэдэгдээгүй байгаа ч 2030 он гэхэд тээврийн хэрэгслүүдийнхээ 50 хувийг цахилгаан болгох зорилт дэвшүүлээд байна.


Мөн “Tata Motors” компанийн “Jaguar” брэнд 2025 он гэхэд, “Volkswage” компанийн “Bentley Motors” болон “Daimler” компанийн “Mercedes Benz” 2030 он гэхэд дан цахилгаан автомашин үйлдвэрлэхээ мэдэгдээд байгаа билээ. 

Холбоотой мэдээ