Буцалтгүй тусламжаар олгосон тайзыг АСЕМ-д ашиглана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-07-05 15:03:20

БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд дэлхийн стандартад нийцсэн гадаа тоглолтын тайзыг цэргийн буцалтгүй тусламжаар олгожээ. Уг тайзыг АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох хүндэт зочид төлөөлөгчдөд үзүүлэх урлагийн тоглолтод ашиглана.

Өнгөрсөн оны 10 дугаар сард Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний манай улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Монгол Улсад Хятад Улсаас цэргийн буцалтгүй тусламж олгох тухай БНХАУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ хоорондын хэлэлцээрийг байгуулж, хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын БХЯ-аас манай Зэвсэгт хүчинд 40 сая юанийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ тусламж нь цэргийн эрүүл мэнд, урлаг спорт, соёлын болон хүмүүнлэгийн чиглэлээр байх бөгөөд мөнгөн хэлбэрээр биш байна хэмээн тохиролцжээ.

Буцалтгүй тусламжид гадаа тоглолтын тайзаас гадна дуу өсгөгч, өсгөгчийн удирдлагын пульт, тайзны гэрэл, гэрлийн удирдлагын пульт, дууны миксер, пульт, микрофоны систем, тайзны хяналтын систем, түүний тоног төхөөрөмжийн цогц иж бүрдэл багтаж байгаа юм. Тусламжийн тайз, тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Эрээн хотноо өнгөрсөн сарын 27-нд хүлээн авч, 29-нд Улаанбаатарт тээвэрлэн авчирч, угсралт суурилуулалтын ажил, тоног төхөөрөмжийн сургалтыг Хятадын талаас уригдан ирсэн тайз, дуу, гэрлийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн юм. Тайз, тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслол өчигдөр болсон бөгөөд ЦДБЭЧ болон "Харанга" хамтлагийн тоглолт болсон юм.

Дашрамд сонирхуулахад тайз, тоног төхөөрөмжийг Үндэсний баяр наадмын урлагийн тоглолтод ашиглах аж.

Б.Туул

Холбоотой мэдээ