Хятад гадаад валютынхаа нөөцийн албан ёсны мэдээллийг анх удаа өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-10-01 12:09:36

ВАШИНГТОН. /TASS/. Гадаад валютынхаа нөөцийн талаарх албан ёсны мэдээллийг Хятадын эрх баригчид Олон улсын валютын санд /ОУВС/ анх удаагаа өгөх болжээ. “Хятад олон улсын шилдэг туршлагад нийцүүлэн “COFER”-ын (Сomposition of official foreign exchange reserves) тоймд оролцож байгааг би нотолж чадна” гэж ОУВС-гийн хэвлэлийн албаны дарга Жерри Райс мэдэгдсэн байна.

“COFER” нь ОУВС-гийн гишүүн 146 орны гадаад валютын албан ёсны нөөцийн бүтцийг харуулж байдаг тус сангийн мэдээллийн бааз юм. ОУВС нь 188 гишүүнтэй боловч уг төсөлд сайн дурын үндсэн дээр оролцуулдаг байна. Түүгээр барахгүй  ердөө 96 орон энэ төсөлд оролцож буйгаа ил тодоор хүлээн зөвшөөрдөг ажээ. Улс орон болгоны өгдөг мэдээллийг чанд нууцлан хадгалдаг байна.

Энэ удаа энэ оны хоёрдугаар улирлын мэдээллийн тухай яригдаж байгаа юм. ОУВС-гийн мэдээлснээр, гадаад валютын нөөцийн нийт хэмжээ 11.5 триллион доллар болжээ. Өмнөх улиралд энэ хэмжээ арай бага буюу 11.4 триллион доллар байсан байна Гадаад валютын нөөцийн бүтцэд АНУ-ын долларын эзлэх хувь мэдэгдэхүйц өссөн байна. Ам.долларын эзлэх хувь 58.2 хувьд хүрч өсчээ. Өнгөрсөн жил 53 хувь байсан байна.

Хятад анхны удаад хөрөнгийнхөө талаар ОУВС-д бүрэн мэдээлэл өгөөгүй аж. Гэхдээ Райсын хэлснээр, тус улсын өгсөн мэдээлэл нь нөөцийн хэмжээг бүхэлдээ тусгасан байна.

ОУВС-гийн хариуцлагатай ажилтнуудын хэлснээр, Бээжингийн эрх баригчид ойрын 2-3 жилд бүрэн тайлан танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Нөөц валютын сагсын талаарх ээлжит тоймыг ОУВС энэ оны сүүлээр гаргаж дуусгах ёстой юм.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд