“Өвөрхангай Түншлэл-2021” намрын үзэсгэлэн худалдаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-27 17:39:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ, ХАҮТ-аас “Өвөрхангай Түншлэл-2021” намрын үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд таван сумын 130 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, эх нутгийнхаа хөрсөнд тарьж ургуулсан үржил шимт төмс, хүнсий ногоо, мод, бутны үрсэлгээ, органик хүнсний бүтээгдэхүүнүүд, цагаан идээ, үндэсний хувцас хэрэглэл гэхчлэн олон төрлийн эд зүйлийг үйлдвэрийн үнээр худалдан борлуулж байгаа юм.

“Аймгийн хэмжээнд халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа ч орон нутгийнхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор намрын үзэсгэлэн худалдааг агаар сэлгэх боломжтой задгай талбайд зохион байгуулахыг зөвшөөрсөн” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж үзэсгэлэн худалдааг нээхдээ хэлж байв.

Энэ онд Монгол Улсад худалдаа, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жил, МҮХАҮТ-ын салбар танхим байгуулагдсаны 20 жилийн ойн тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд төвийн бүсийн хэмжээнд “Ковидын дараах бизнесийн сэргэлт” уриан дор худалдаа, эрхлэгчдийн томоохон уулзалт, зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн байсан ч халдварын эрчимтэй тархалтын улмаас цуцалсан хэмээн аймгийн ХАҮТ-ын захирал Б.Ууганбаяр хэлж байлаа.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үеэр ковидын халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээ, дархлаажуулалтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн бүтээгдэхүүн сурталчлах, номын баяр, бэлэгтэй, сугалаатай худалдааг зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ