ОХУ-д хоёр дахь удаагаа өдөрт коронавирусний улмаас 820 хүн нас баржээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-09-23 17:48:36

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 820-иор нэмэгдэж, 201 445-д хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.


Ийнхүү тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн нас баралтын тоо хоёр дахь удаагаа цар тахал дэгдсэнээс хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Сар орчмын өмнө буюу наймдугаар сарын 26-нд ОХУ-д өдөрт 820 хүн нас барсан тохиолдол бүртгэгдэж байв.


Түүнчлэн коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэг өдөрт 21 438 -аар нэмэгдсэн нь наймдугаар сарын 15-наас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.


Өнгөрсөн хоногт халдварын хамгийн олон буюу 3 345 тохиолдол нийслэл Москва хотод илэрчээ. Оросын нийслэлд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1 611 511 болсон байна.


ОХУ-д цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан нийт хүний тоо 7 354 995-д хүрчээ.  Одоогийн байдлаар 594 770 хүн эмчлүүлж байна.


Сүүлийн 24 цагт 16 567 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 6 558 780 болжээ. 

Холбоотой мэдээ