99 залуу гэр бүлд гэр бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-22 16:18:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойн баярыг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн санаачилгаар байгуулсан “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан  “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүллээ. 

Төслийн хүрээнд өнөөдөр Ховд аймгийн 17 сумын төлөөлөл 99 залуу гэр бүлд таван ханатай гэр бэлэглэж байна.

Ховд аймгийн тухайд нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Харин хөдөөгийн сумдын хүн амын 30-40 гаруй хувь нь мөн залуучууд байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу энэ 99 өрхийг сонгосон аж. 

Ийнхүү шинэ гэртэй болсон айл өрхүүд нь орлого багатай ч амьдралын идэвх, хүсэл тэмүүлэл өндөртэй, баялаг бүтээгч, хөдөлмөрч залуучуудын төлөөлөл гэдгээрээ онцлогтой.   

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ нь өнгөрсөн 2011 онд Ховд аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “80 жил 80 гэр” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 80 айл өрхөд шинэ гэр өгч, бодит дэмжлэг үзүүлж байсан бол ийнхүү 10 жилийн дараа тус ажлыг үргэлжлүүлж 99 айлын амьдралд баяр баясал нэмсэн сайхан түүхийг бүтээсэн гэж нутгийн иргэд хэллээ.

  

Холбоотой мэдээ