Японд өндөр настай хүн амын тоо хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-09-20 10:23:39

ТОКИО. /Japan Times/. Японд 65 болон түүнээс дээш насны иргэдийн тоо, тэдний нийт хүн амд эзлэх хувийн аль аль нь урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрснийг тус улсын Засгийн газраас танилцуулсан тоон мэдээлэл харууллаа.


Энэхүү судалгааг өнөөдөр болж буй өндөр настнуудыг хүндэтгэх үндэсний өдрийг тохиолдуулан явуулжээ.


Дотоод хэргийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд лхагва гаргийн байдлаар өндөр настнуудын тоо 36.4 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 220 мянгаар өссөн байна.


Ингэснээр өндөр настай иргэдийн тоо нийт хүн амын 29.1 хувьтай тэнцсэн нь өмнөх оныхоос 0.3 хувиар өсжээ. Харин Японы нийт хүн амын тоо өнгөрсөн онд 510 мянгаар буурчээ.


НҮБ-ын мэдээллээр, Япон өндөр настай иргэдийн хүн амд эзлэх хувиараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа бол тус улсын араас жагсаж буй Италид хүн амын 23.6 хувийг өндөр настнууд эзэлж байна.  


Японы өндөр настнуудыг хүйсээр нь авч үзвэл, 15.83 сая нь эрэгтэй, 20.57 сая нь эмэгтэй хүмүүс байна. Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Японд ахмад настай ажилтнуудын тоо 17 дахь жилдээ дараалан нэмэгдэж, өнгөрсөн онд 9.06 саяд буюу нийт ажиллах хүчний 13.6 хувийг эзэлсэн нь мөн л хамгийн өндөр үзүүлэлт болжээ. 

Холбоотой мэдээ