Пуужин туршихаа зогсоож, АНУ-тай хэлэлцээгээ сэргээхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-16 10:39:53

ЛОНДОН. /BBC/. БНАСАУ өдөөн хатгасан үйлдлүүдээс татгалзаж, АНУ-тай яриа хэлэлцээгээ дахин эхлүүлж, цөмийн зэвсгээс ангижрах арга хэмжээг нэн даруй авах ёстой гэж Их Британийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд дурджээ.


"Энэхүү пуужингийн туршилт нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг илт зөрчиж байгаа бөгөөд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна. Умард Солонгос бодлого чиглэлээ өөрчилж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс эргэлт буцалтгүй ангижруулахад чиглэсэн алхмыг нэн даруй хийх ёстой. Их Британи улс олон улсын түншүүдийн хамт Солонгосын хойгт энх тайван тогтоох, дүрэм журамд суурилсан олон улсын тогтолцоог хадгалах, Умард Солонгосын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохыг дэмжсэн хэвээр байна. Цаашид өдөөн хатгасан үйлдлээсээ татгалзаж, АНУ-тай яриа хэлэлцээгээ сэргээхийг бид Умард Солонгост уриалж байна" гэж Пёньян пуужин харвасантай холбогдуулан гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


БНАСАУ лхагва гарагт Япон тэнгисийн зүгт хоёр баллистик пуужин харвасан юм.


Холбоотой мэдээ