Их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олон улсын түвшинд сургалтын чанараар хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний хэмжээнд тэргүүлэх их сургуулиудыг бий болгох зорилгоор төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт үе шаттайгаар хөгжүүлэхээр шийдвэрлэв.
Үүнтэй холбогдуулан,
-Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт- судалгааны үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
-Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх
-Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах
-Дээрх гурван аймагт “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн, ХААИС, ШУТИС, АШУҮИС-тай хамтран боловсруулж хэрэгжүүлэх,
-Орон нутаг дахь их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэх, цахим сургалтыг дэмжих хүрээнд орон нутгийн их сургуулийн багш нарыг зөөврийн компьютерээр хангах асуудлыг Сангийн яамтай хамтран шийдвэрлэх
-Орон нутагт суралцах оюутнуудад зориулсан сургалтын зээл, хөнгөлөлт, тэтгэлгийн хөтөлбөрийг их сургууль, орон нутгийн захиргаатай хамтран боловсруулж хэрэгжүүлэх
-Багш, ажилтны нийгмийн баталгааг хангаж, дэмжлэг үзүүлэх, оюутнуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх
-Багш нарын орон сууц, оюутны байр шинээр барих, хичээлийн болон дотуур байрны урсгал засварын хөрөнгө оруулалтын асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай хамтран шийдвэрлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.