Кристина Ноблийн хүүхдийн сангаас 830 оюутанд тэтгэлэг олгоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-15 15:28:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд нийт 200 оюутнаас мэдлэг чадвараараа шалгарсан 55 оюутанд Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас 50-100%-ийн тэтгэлгийн батламж гардуулжээ.


Тус сангийн боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 830 оюутан тэтгэлэгт хамрагдсан байна.


Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн ерөнхий менежер Б.Амаржаргал хэлэхдээ, “Кристина Ноблийн Хүүхдийн Сан /КНХС/ нь ашгийн бус, шашны бус хүмүүнлэгийн байгууллага бөгөөд 1997 оноос хойш Монгол улсад зорилтот бүлгийн хүүхдүүдийг асран хамгаалахаас гадна боловсрол, эрүүл мэнд, сэтгэлзүйн цогц үйлчилгээг 11 төсөл хөтөлбөрөөр дамжуулан 35 мянга гаруй хүүхдэд үзүүлээд байгаа юм” гэв.


 “Хүүхэд боловсролтой болсон үед тэднээс хэн ч эзэмшсэн боловсролыг нь булаан авч чадахгүй”. Кристина Нобле


КНХС нь 20 дахь жилдээ Боловсролын тэтгэлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирч, ирээдүйн манлайлагч болох чин хүсэл, эрмэлзэлтэй зорилтот бүлгийн оюутан залууст санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна, манлайлал, харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, хичээлээс гадуурх ажлуудыг мөн зохион байгуулдаг билээ. Өөрсдийн сурсан мэдлэг, мэргэжлээрээ дамжуулан тэгш бус байдал, ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, ирээдүйн шилдэг манлайлагч нар болоход оюутан залууст туслах нь энэ хөтөлбөрийн гол зорилго аж.


Батламж гардуулах ёслолд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хэлтсийн газрын дарга Ц.Чинзориг хүрэлцэн ирж, залуучууддаа баяр хүргэхийн зэрэгцээ урмын үг хэлсэн байна. 

Холбоотой мэдээ