БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНСУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-14 12:51:42

СӨҮЛ. /TASS/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр өдрийн айлчлал хийхээр БНСУ-ын нийслэл Сөүл хотод өнөөдөр хүрэлцэн очно.


БНСУ-ын ГХЯ-наас мэдээлснээр, Ван И тус улсын Гадаад хэргийн сайд Чон Ый Ёнтой есдүгээр сарын 15-ны лхагва гарагт буюу маргааш хэлэлцээ хийнэ.


Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар амралтын өдрүүдэд явуулсан БНАСАУ-ын пуужингийн туршилт, Ёнбён хот дахь тус улсын цөмийн цогцолборын үйл ажиллагааг сэргээсэнтэй болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаарх хэлэлцээг Пёньянтай үргэлжлүүлэх талаар хүчин чармайлт гаргах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.


Айлчлалын үеэр Ван И мөн АНУ-тай санал зөрөлдөөнтэй байгаа, бүс нутгийн гол асуудлуудын талаар Хятадын байр суурийг илэрхийлнэ. Тодруулбал, эдгээр нь Тайванийн хоолой, Зүүн Хятадын болон Өмнөд Хятадын тэнгис, мөн Шинжаан мужийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд юм.  


Ван И, Чон Ый Ён нар түүнчлэн хоёр орны олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэх арга замыг хэлэлцэж, ирэх онд тэмдэглэх хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтой холбогдуулан соёлын солилцоог эрчимжүүлэхэд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна.


БНСУ, БНХАУ -ын Гадаад хэргийн сайд нарын өмнөх уулзалт таван сарын өмнө БНХАУ-ын зүүн өмнөд хэсэгт орших Сямэнь хотод болсон юм.


Холбоотой мэдээ