Африкт өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-09-14 11:47:04

АДДИС-АБЕБА. /Anadolu/. Африкт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 15147 тохиолдол шинээр илэрч, нас баралтын 693 тохиолдол бүртгэгдсэн гэж тус тивийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс даваа гарагт мэдээлжээ.


Энэ нь амралтын өдрүүдэд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоотой харьцуулахад 3318-аар эрс буурсан үзүүлэлт юм. Тивийн хэмжээнд одоогийн байдлаар нийт найман сая гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо 303603-т хүрчээ.


Халдварын тархалтыг газар зүйн бүсээр авч үзвэл, коронавирусний тохиолдол анх илэрснээс хойш Өмнөд Африкт 3.8 сая гаруй, Хойд Африкт 2.4 сая, Зүүн Африкт 941000, Баруун Африкт 626800, Төв Африкт 225500 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.


Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 1.3 тэрбум хүн амтай тус тивд вакцинд хамрагдсан хүмүүсийн тоо гурван хувиас бага хэвээр байгаа бөгөөд вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолжээ. Түүнчлэн Африкийн орнууд 144.5 сая тун вакцин хүлээж авснаас одоогоор 111.3 сая тун вакцин тарьсан байна.

Холбоотой мэдээ