Азийн наадмын гарын авлагыг спорт холбоодод хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2021-09-14 08:54:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн танхимын болон тулааны спортын 6-р наадмын зохион байгуулах хорооноос спортын төрлүүдийн гарын авлага Technical handbook илгээснийг спорт холбоодод хүргүүлж, мэдээллээр хангалаа.

 

Энэхүү наадам энэ оны тавдугаар сард Тайландын Бангкок болон Чонбури хотод болох байсан ч коронавируст халдварын улмаас 2022 оны гуравдугаар сарын 10-20-нд зохион байгуулахаар болж хойшилсон юм.

 

Уг гарын авлагад наадмын тэмцээн уралдаан ямар төрөл, зай, жингээр зохиогдох, тамирчдын мэдүүлгийг хэдийд авах, тэмцээн уралдаан хаана, ямар заал танхимд болох зэрэг оролцогчдод хэрэгтэй бүхий л мэдээллийг багтаасан байна.

Мөн Бангкок, Чонбури хотын танилцуулга, нийтийн тээврийн сүлжээ, цаг агаарын ерөнхий төлөв байдлын мэдээлэл, тэмцээн уралдаан болох цогцолборуудын байршил зэрэг чухал мэдээллийг оруулжээ.

Азийн танхимын болон тулааны спортын наадамд шар тивийн 45 улсын тамирчид 29 спортын төрөлд 290 багц медалийн төлөө өрсөлдөнө.

2017 онд Туркменистаны Ашгабат хотноо болсон өмнөх наадамд манайхан 71 тамирчинтай оролцож, 5 алт, 10 мөнгө, 15 хүрэл, нийт 30 медаль хүртсэн амжилтаар 13-р байрт бичигдэж байв.

Холбоотой мэдээ