АНУ-ын удирдагчид нэгдмэл байхыг уриаллаа

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-09-12 11:15:01

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд Ерөнхийлөгч Жо Байден болон өмнөх гурван төрийн тэргүүн оролцжээ. Тэд бүгд нэгдмэл байхыг ард иргэддээ уриалав.


Хорин жилийн өмнө Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг террорист этгээдүүдийн булаан авсан хоёр нисэх онгоц мөргөсөн харамсалтай явдал гарсан Нью-Йорк хотод болсон үйл ажиллагаанд Ж.Байден, Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар оролцжээ.


Харин Ерөнхийлөгч асан Жорж Буш, дэд Ерөнхийлөгч Камала Харрис нар зорчигчид нь босогчдын эсрэг тэмцсэний дараа мөн л харамсалтайгаар осолдсон Пенсильвани муж улсын Шенксвилл сууринд очжээ. Тухайн үед хөлгийн тавцанд байсан 44 хүн бүгд амь насаа алдсан юм.



Нью-Йоркт болсон ёслолын үеэр террорист халдлагуудын улмаас амиа алдсан 2977 хүний нэрийг цагаан толгойн үсгийн дарааллын дагуу нэг нэгээр чангаар дуудан уншсан байна. Мөн террористуудын булаан авсан нисэх онгоц сүйрсэн мөч бүрд нэг минут дуугүй зогсон хүндэтгэл илэрхийлжээ.


Мөн Ж.Байден террорист халдлагад өртсөн Вашингтон хотоос холгүй орших Пентагоны төв байр, Шенксвиллд биечлэн очсон ч тэрбээр баасан гаргийн орой дүрс бичлэгээр дамжуулан мэдэгдэл хийсэн тул эдгээр үйл ажиллагаанд оролцох үеэрээ үг хэлээгүй байна. 


Харин албан ёсны үйл ажиллагаанд оролцоогүй төрийн тэргүүн асан Дональд Трампын хувьд Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газар, Цагдаагийн газарт гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр Афганистанаас цэргүүдээ гаргах Ж.Байдены шийдвэрийг хүчтэй шүүмжилснийхээ дараа урьдчилан мэдэгдэхгүйгээр дээр дурдсан газруудад очсон байна. 

Холбоотой мэдээ