Э.Содномпилжээ: Энгийн тамирчдын ДАШТ-д өрсөлдөж байгаа маань амжилтаа ахиулах маш том давуу тал болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-12 12:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд хүч сорин өрсөлдсөн Энхбаярын Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын аварга болсон /2021.08.30/ хэдхэн хоногийн өмнөх баярт мөчийг эргэн дурсаж байна.


Токио хотын “Tokyo International Forum” танхимд 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болсон "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, паралимпын хүрэл медальт Э.Содномпилжээ паралимпын дээд амжилт тогтоон аваргын алтан медаль хүртсэн баярт мөчийг газар дээрээс нь сурвалжилж, сэтгэгдлийг нь авсан билээ.



Токиогийн паралимпын аварга Э.Содномпилжээ: “Өнөөдрийн паралимпын аваргын төлөөх тэмцээнд хүчээ сорьсондоо маш их сэтгэл хангалуун баяртай байна. Миний хувьд сүүлийн 2 жил нэг ч тэмцээнд оролцоогүй ч бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж ирсэн. Хэдий өөрийнхөө тогтоосон дэлхийн рекорд амжилтыг шинэчилж чадаагүй ч гэсэн паралимпын рекорд амжилтыг шинэчилж чадсандаа баяртай байна. Монголынхоо ард түмэнд маш их баярласнаа онцолж хэлмээр байна. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа. Тэгээд бүх дэлхийн хүмүүст хандаж эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм. 



Тэрбээр өөрийн амжилт, хөдөлмөр зүтгэлийн талаар хэлэхдээ: “Тамирчин хүн дасгалжуулагчийнхаа хэлсэн үгийг маш сайн дагаж мөрдөж байх ёстой. За бол за, хий гэсэн үед нь хийгээд, боль гэсэн үед болиод л явах хэрэгтэй. Ямар ч үед дасгалжуулагч багшийн үгийг маш сайн хүлээн авч байж, тамирчин хүн амжилтад хүрнэ. Дасгалжуулагч, тамирчнаа нэг аргадна, нэг загнана, зэмлэнэ, магтана, нудраад авчиж болно шүү дээ. Тэр үүссэн шалтгааны гол нөхцөл нь тамирчин хүн өөрөө л байдаг. Дасгалжуулагчийн үгийг авдаггүй хүн хэзээ ч шилдэг сайн тамирчин болж чадахгүй. Дэлхий, тивийн АШТ-ээс медаль авч болно. Олимп хэмээх тамирчин хүний хүрэх ёстой ноён оргилд хүрэхэд энэ зарчим, ёс зүйг баримтлах нь зайлшгүй чухал. Хүнээс үг сонсож сураагүй хүн хэзээ ч амжилт гаргахгүй гэж боддог. Миний амжилтаа ахиулж ирсний нэг чухал зүйл бол пара төрлөөр ДАШТ хүчээ сорихоос гадна, энгийн тамирчдын ДАШТ-д өрсөлдөж байгаа маань маш том давуу тал юм даа. Өөрөөсөө илүү тамирчинтай өрсөлдөж байж л хүч, ур чадвар, амжилтаа ахиулна. Тугаа багшийнхаа зөвлөснөөр 2018 оноос эхлэн энгийн болон пара төрөлд хоёуланд нь зэрэг өрсөлдөж байна.



Түүний багш Дашийн Тулга: ”Бид хоёр эх орондоо очоод шууд бэлтгэлдээ орно. Пилжээ 2021 оны 10 дугаар сарын 21-31-нд энгийн пауэрлифтингийн ДАШТ-д очиж өрсөлдөнө. Тэгээд 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 5-нд пара пауэрлифтингийн ДАШТ-нд хүчээ сорино. Одоо эх орондоо очихоор Э.Содномпилжээгийн амжилтыг мялааж олон баяр, шагнал, хүлээн авалт болох байх. Харин бид очоод л шууд үндсэн бэлтгэлдээ гарч, дараа дараагийн тэмцээндээ бэлтгэж эхэлнэ. Энэ бол бидний зорилт, хийж ирсэн алба, үүрэг маань юм шүү дээ.


Тэрбээр шавийнхаа хүч чадал, уйгагүй хөдөлмөрч чанарын талаар хэлэхдээ: “Хүн бүхэнд цаанаас нь заяаж өгсөн төрөлхийн өгөгдөл гэж байдаг. Намайг залуу байхад, "Тугаа чи яагаад аварга болохгүй байгаа юм" гэдэг байсан. Эцэг эхээс болон байгалиас өгсөн өгөгдөл, чиний хөдөлмөр 2 яг таарч, 100 хувь болж чадаж байна уу гэдэг бол чухал асуудал. Тамирчин 100 хувь бэлтгэлээ хийж байж болно. Харин тухайн хүнд хүч чадал, тэнхээний хувьд байгалиас өгсөн төрөлхийн өгөгдөл гэж байдаг. Ийм содон хүмүүс цөөхөн л төрдөг гэж бодож байна. Төрөлхийн хүч, ур чадвар гэдэг бол үнэхээр онцгой л доо. Үүнийгээ тордож, байнгын бэлтгэлтэй, шургуу хөдөлмөрлөж байж улам төгс болно. Хамгийн эрхэм зүйл бол "Хүн байхын утга учир" юм. Тамирчин хүнд ёс зүй, хариуцлага маш чухал.  

  


Бид хоёр чинь парагийнхаа төрөлд хоёулахнаа л тэмцээнд яваад сурчихсан. Харин энгийн пауэрлифтингийн тэмцээнд команд, багаараа явж оролцоно. Манай холбоо бол ямар нэг дэмжлэг байдаггүй ёстой бор зүрхээрээ явж ирсэн дээ. Харин БТСУХ-той болж, Ц.Шаравдорж даргаар томилогдсоноос эхлээд Э.Содномпилжээ бид хоёрыг үргэлж дэмжиж байдагт талархаж явдаг.


Ер нь бидний энэ амжилт БТСУХ, Монголын үндэсний паралимпын хороо, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, ШШГЕГ, үндэсний шигшээ багийн хамт олон, дэмжигч найз нөхөд, гэр бүл гээд нийт монголчуудын хамтын хүч, дэмжлэгийн үр дүн юм. Бидний дараагийн зорилт бол "Парис-2024" паралимп хүлээж байна   


Энэ удаагийн паралимпын наадамд эхний өргөх захиалгаа олон өдөр бодож, тооцоолсон. Захиалгыг 243 кг-аар ч эхлэх боломж байсан ч арын тамирчдын захиалгаас их хамаарсан. Манай тамирчин өнгөрсөн 6 дугаар сард ковид тусаж, 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Их сульдсан, хүч алдсан. Халдвар аваагүй байсан бол 245 кг-аар эхэлж, хоёр дахь оролтоо 250 кг-аар хийх бодол ч байсан. Олимп их хатуу байдаг юм байна. Үүнийг мэдэрч байж л амжилт гаргана шүү дээ" гэж ярьсан юм.


Гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Рио-2016” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтаа ийнхүү ахиулан Токиод аваргын алтан медаль болгож чадлаа.



Түүний амжилтуудаас дурдахад, Ази Номхон далайн орнуудын пара пауэрлифтингийн тэмцээнд түрүүлж, Азид өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилж байлаа. Пара пауэрлифтингийн ДАШТ-ий 105 кг-д Дэлхийн аварга болсон Э.Содномпилжээ “Жакарта-2018” Азийн паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Азийн наадмын аваргын алтан медаль хүртсэн. Мөн дэлхийн цомын 3 удаагийн аварга. МУГТ Э.Содномпилжээ хэрэглэлгүй төрөлд хэвтээ шахалтаар Финланд улсад болсон ДАШТ-ээс 2 алтан медаль хүртэж 2 ч рекорд тогтоож байв.


Токио-2020” зуны паралимпын XVI наадмын аварга Э.Содномпилжээ 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөж Гиннесийн дээд амжилт тогтоосон агуу хүчтэн билээ.






 

Холбоотой мэдээ